Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарласан УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийг дэмжихгүй байна гэдгээ Ерөнхий сайд асан Р.Амаржаргал илэрхийлжээ. УИХ дахь АН-ын гишүүн А.Адъяасүрэн, Ц.Туваан, Н.Ганибал, Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар Сүхбаатарын талбайд хонож, Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Алтанхуягийг бүртгэхийг шаардаж өлсгөлөн зарласан юм.
Энэ талаар Р.Амаржаргал “Өлсгөлөн зарлахад хүрсэнд тун харамсаж байна. Хүн хэлээрээ гэдэг хэрвээ эр зориг, сэтгэлийн тэнхээ, хат байвал эвлэлдээд учраа олцгооё. Ухаантай нь түрүүлж буулт хийдэг гэдэгт би гүнээ итгэдэг” хэмээн АН-ынхныгаа дотоод ойлголцолд хүрэхийг уриалсан байна.
Мөн тэрээр “Өлсгөлөн зарлaж ард түмнийг энэ хүнд үед бухимдуулдаг нь буруу. Эрүүл саруул ухаанаaр асуудлыг хоёр хуваагдсан АН хэлэлцэж нэгдсэн нэг ойлголтод хүрэх нь ардчилал төдийгүй ард түмний язгуур эрх ашигт нийцнэ. Эв нэгдлээр л ардчилалаа хамгаална шүү дээ” хэмээн сошиал хуудаснаа бичсэн байна.
АН хоёр даргатай, хоёр нэр дэвшигчийн бичиг баримтыг СЕХ-нд бүртгүүлэх хүсэлт гарган, намынхаа дотоод асуудлаа шийдээгүйгээс өлсгөлөн суултдаа хүрээд байгаа нь энэ намынхны буруу юм.
Ковидын хүнд үе, цар тахлыг давахын тулд бүгдээрээ хичээж байгаа энэ цаг үед итгэл хүлээлгэсэн сонгогчдынхоо итгэлийг хөсөрдүүлэн олон нийтийг үймээн самуунд уриалж буйг олон нийтийн зүгээс цахим орчинд эсэргүүцэж, АН-ыг буруутгаж байгаагаа илэрхийлсээр л байна.
Одоо АН дотоод талцлаа эцэс болгож, хариуцлагатай байх хэрэгтэй байна.
Э.ТУЯА