logo
Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх, дэд сайд, газрын дарга, нутгийнхан нь ӨЛСГӨЛӨН зарлаж байна

Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх, дэд сайд, газрын дарга, нутгийнхан нь ӨЛСГӨЛӨН зарлаж байна

2021/05/07

Саяхан /2021.05.05/ болсон Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-ийн хурал дээр Ерөнхийлөгч Х.Баттулга “Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ Н.Алтанхуягийг бүртгэх ёстой. Иймээс СЕХ-ы удирдлагуудыг ҮАБЗ-ийн хурал дээр дуудъя, энэ тухай ҮАБЗ-ийн зөвлөмж гаргая” гэсэн байгаа юм. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “СЕХ-ны хараат бус байдалд халдахгүй” гэж хэлээд, хурлыг хаяж гарсан гэдэг.

Ингээд үүний дараа УИХ дахь АН-ын бүлгийн Ц.Туваан, О.Цогтгэрэл, Н.Ганибал, Ж.Батсуурь, А.Адъяасүрэн, Д.Ганбат нарын зургаан гишүүн, мөн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарын нийт найман гишүүн Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж эхэлсэн. Харин үүнийг “УИХ дахь АН-ын бүх гишүүд өлсгөлөн зарлаж байна” нийгэмд тарааж буй.

Гэтэл улс төрийн үйл ажиллагаанд Д.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж нарын УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд оролцохгүй байгаа юм.

Нөгөөтэй Сүхбаатарын талбай дээрх энэхүү суулт, өлсгөлөнгийн зохион байгуулагч нь Ерөнхийлөгч Х.Баттулга гэж зарим эх сурвалж мэдээлж байна. Иймд өлсгөлөн зарласан эдгээр УИХ-ын гишүүд Ерөнхийлөгч Х.Баттулгатай ямар хамааралтай талаар энд тоймлон хүргэе.

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА БА ӨЛСГӨЛӨН ЗАРЛАСАН ГИШҮҮДИЙН ХОЛБОО, ХАМААРАЛ:

  • Орхон аймагт бие даан нэр дэвшиж УИХ-д сонгогдсон Н.Алтанхуяг нь Ерөнхийлөгч Х.Баттулгатай 2008-2012 онд Засгийн газрын танхимд хамт сайд, 2012-2014 онд Х.Баттулгыг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд байхад нь түүний Ерөнхий сайд байсан нэгэн юм. Мөн Н.Алтанхуяг нь 2017-2019 оны хугацаанд Ерөнхийлөгч Х.Баттулгын “Улс төрийн бодлогын зөвлөх” гэсэн албан тушаал хашсан билээ.
  • Төв аймагт АН-аас нэр дэвшиж УИХ-д сонгогдсон Ц.Туваан нь Ерөнхийлөгч Х.Баттулгыг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд байхад нь түүний дэд сайд байсан нэгэн юм. Мөн тэд улс төрийн хувьд Монголын ардчилсан холбоо /МоАХ/ гэх нэг фракцад хамаарагддаг байна. Тодруулбал, МоАХ-г Х.Баттулга эзэмшдэг билээ. Мөн Ц.Туваан нь Ерөнхийлөгч Х.Баттулгын үгнээс гардаггүй гэдэг байна.
  • Сүхбаатар аймгаас УИХ-д сонгогдсон Н.Ганибал нь Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар Х.Баттулга, дэд сайдаар Ц.Туваан нар ажиллаж байхад нь тус яамны харьяа Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /МААБХЗГ/-ын даргын албан тушаал хашиж байсан нэгэн юм. Түүний хувьд Ц.Тувааны дотнын найз бөгөөд тэд хамтарч хурдан морь уядаг, нэг галд хамаардаг байна.
  • Баянхонгор аймагт АН-аас нэр дэвшиж УИХ-д сонгогдсон А.Адъяасүрэн, Д.Ганбат нарын хувьд Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн багийн гишүүд юм. Тодруулбал, тэд Ерөнхийлөгч Х.Баттулгын УИХ-д сонгогддог Баянхонгор аймгаас нь парламентад сонгогдсон юм. Товчхондоо, тэд Баянхонгор аймагт нэр дэвшихдээ Ерөнхийлөгч Х.Баттулгаас зөвшөөрөл, дэмжлэг авч УИХ-д сонгогдсон гэсэн үг.
  • Орхон аймагт МАХН-аас нэр дэвшиж УИХ-д сонгогдсон С.Ганбаатарын хувьд Ерөнхийлөгч Х.Баттулгатай нэг нутаг буюу Баянхонгор аймгийн харьяат гэдэг. Тэд 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд хамт өрсөлдөж байсан. Харин сүүлийн жилүүдэд С.Ганбаатар Ерөнхийлөгч Х.Баттулгатай ойр, дотно ажиллах болсон гэдэг. Тухайлбал, С.Ганбаатар гишүүн Оюутолгойн асуудлаар өлсгөлөн зарлахад, түүнийг нь Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжиж, зохион байгуулалтад нь оролцсон гэдэг.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш