Би тэр үед “АН-аасаа нэр дэвших бол миний эхний зорилт. Үнэхээр нөхцөл байдал, АН сонгуульд оролцох боломжгүй ч юм уу, маш хүнд нөхцөл байдалд орвол танай саналыг бодож үзэхэд би татгалзахгүй” гэсэн хариуг дөрөвдүгээр сарын 19-нд өгсөн. Гэхдээ үүнээс хойш албан ёсоор холбогдож, бичгээр санал аваагүй. Үүнээс хойш ер нь Т.Доржханд гишүүнтэй дахиж уулзаагүй л дээ. Гэхдээ анхны уулзалтад төрсөн сэтгэгдэл таатай байгаагүй. Ер нь бол таатай уулзалт болоогүй. Маш хүнд яриа болсон.
Би ХҮН-ыг их өөрөөр төсөөлж, бодож байсан. АН дотор санхүүжилт, зохион байгуулалт, дүрэм журмын асуудал гээд маш хүнд асуудалтай тулгарч энэ амьдрал дундуур явж байгаад ХҮН-ыг шал өөр нам гэж бодож тэр ярилцлагад орсон. Тэгэхэд Т.Доржханд гишүүний гаргаж байгаа хандлага, надад тавьсан байгаа шаардлага энэ тэр нь ер нь л миний дуулах дургүй дууг буцааж дуулж байгаа юм шиг байдалтай байсан. Маш их мөнгө нэхэх юм байна, нэлээд хаалттай байх юм байна, гол нь залуучуудын хүсээд байгаа орчныг бүрдүүлэх чиглэлд санал нийлэхгүй юм байна гээд нэлээн олон зүйл дээр санал, яриа сайн нийлээгүй. Тиймээс би ч ХҮН-аас дэвшье гэж бодоогүй” гэж ярьжээ.
Р.БУД