logo
“Мөнх тэнгэрийн бичиг-2020” монгол уран бичлэгийн үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн эздэд шагнал гардууллаа

“Мөнх тэнгэрийн бичиг-2020” монгол уран бичлэгийн үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн эздэд шагнал гардууллаа

2021/05/14

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “Мөнх тэнгэрийн бичиг-2020” монгол уран бичлэгийн үзэсгэлэнгийн шилдэг оролцогчдод өргөмжлөл,  мөнгөн шагнал, гарын бэлэг гардууллаа.

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн “Монгол бахархлын өдөр”-т зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг” монгол уран бичлэгийн үзэсгэлэнг цар тахлын нөхцөл байдлын улмаас хойшлуулаад байсан билээ.

Тэгвэл тавдугаар сард тохиож буй Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Мөнх тэнгэрийн бичиг-2020″ үзэсгэлэнг “Жэй Си Дэко Монгол” ХХК-тай хамтран автобусны буудал, гудамжны мэдээллийн байгууламж, дижитал дэлгэцээр дамжуулан тавдугаар сарын 12-ноос 25-ны өдрүүдэд олон нийтэд толилуулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга шилдэг оролцогчдод өргөмжлөл гардуулсныхаа дараа:

“Үсгийн урлагийн шилдгүүд, үндэсний бичиг үсгийн зүтгэлтнүүд, бичиг соёлдоо шамдан суралцаж, түгээн дэлгэрүүлж байгаа монгол бичигтэн сурагч багачууд Та бүхэнд Үндэсний бичиг үсгийн баярын мэндийг дэвшүүлье.

Монгол бичиг бол монгол хүн болж төрсөн, монголоороо бахархдаг хүн бүрийн оюуны үнэт, бахархалт өв юм. Монгол бичигтээ дурлаж, өв соёлдоо шимтсэн Та бүхэн бол энэ үнэт өвөө хадгалан хамгаалж, үндэсний бахархлаа түгээн дэлгэрүүлж байгаа эрхэм үйлсийн эзэд билээ. Баяр хүргэе!

Миний бие өөрийн биеэр үлгэрлэн хожуу ч гэлээ үндэсний бичгээ сурч, сурсан мэдсэнээ түгээх, өгөхийн тулд хичээл болгон заасныг хүүхдүүд Та нар үзсэн байх гэж найдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад албан бичиг, гадаад иргэний шагналын батламж, Элчин сайдын итгэмжлэх жуух бичиг, Ерөнхийлөгчийн Тамгын газраас гарч буй урилга, талархал, өргөмжлөл, батламж гээд бүхий л баримт бичгүүд монгол үндэсний бичгээр бэлтгэгдэж, хос бичигтэйгээр батлагддаг юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар жил бүр зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг” уран бичлэгийн үзэсгэлэн бол монгол бичгийн хүрээнийхний хүсэн хүлээдэг томоохон уламжлалт баяр болсон. Өнгөрсөн жил цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хойшилсон үзэсгэлэн маань өнөө жил Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Улаанбаатарын гудамжны мэдээллийн байгууламжуудад дэлгэгдсэн байгаа нь нийслэл хотоо өв соёл, үндэсний агуулгаар чимж байна.

Өнөөдөр “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнгийн шилдгүүдэд уламжлал ёсоор шагналыг нь гардуулах боломж олдож, Та бүхэнтэй уулзсандаа миний бие туйлын баяртай байна. Үзэсгэлэнд оролцсон бүх хүүхдүүд, уран бичээч-монгол бичигтэн багачууд, эрдэмт багш нар, уран бүтээлчдэдээ бүгдэд нь дахин баярлалаа гэж хэлье.

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, бичиг үсгээ сурч судлах, түгээн дэлгэрүүлэх эрхэм үйлсэд цаг зав, сэтгэл зүрхээ зориулсанд тань гүн талархал илэрхийлж, улам их амжилт ерөөе.

Мөнх тэнгэрийн дор монгол бичиг соёл түгээмэл болтугай” гэлээ.

“Мөнх тэнгэрийн бичиг-2020” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн эздийн нэрсийн жагсаалтыг эндээс үзнэ үү.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш