Сүрьеэгийн өвчлөл өндөртэй 22 улсын нэг нь Монгол Улс бөгөөд хүн амын дунд сүрьеэ өвчний бодит тархалтыг тогтоох үндэсний судалгаагаар 100 мянган хүн амд 428 тохиолдол бүртгэгдэж, тархалтын түвшнээр 10 дугаарт эрэмбэлэгдэж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгуулагын хийсэн тооцооллоор жил бүр 12000 сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэхээс эрүүл мэндийн байгууллагууд зөвхөн 1/3-ийг буюу 4000 гаруй тохиолдлыг л илрүүлж байна. Сүүлийн жилүүдэд сүрьеэгийн өвчлөл ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарах болсон нь мэргэжилтэнгүүдийн хамгийн их анхаарал хандуулж буй сэдэв болоод байна.
Гэр бүлийн хүрээний хавьтал, сүрьеэгийн халдвар авах эрсдэлт бүлгийн хүн амын дунд өвчлөл нэмэгдэж байгаа нь иргэдийг сүрьеэ өвчний илрүүлэг үзлэгт өргөн хамруулж, оношилсон тохиолдолд цаг алдалгүй бүрэн эмчлэх нэн шаардлагатай байна.
‘’Сүрьеэ-Ковид-19 халдвар’’ илрүүлэг үзлэгийн нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан, НЭМГ-ын дарга Б.Бямбадорж, Глобаль сангийн төслийн зохицуулагч Н.Цогзолмаа, МӨАУМХ-ны гүйцэтгэх захирал Ш,Хажидмаа нар оролцлоо.
Түүнчлэн Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төсөлд Монголын өрхийн анагаах ухааны эмч, мэргэжилтнүүдийн холбоо, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг, Сумын эмч мэргэжилтнүүдийн холбоо, Монголын улаан загалмайн нийгэмлэг зэрэг байгууллага хамтран ажиллаж байна. Тус үйл ажиллагааны зорилго нь сүрьеэгээр өвчлөх эрсдэлт бүлгийн хүн амд сүрьеэ, коронавируст (КОВИД-19)-ыг илрүүлэг, хугацаа алдалгүй оношилж, эмчилгээнд хамруулснаар хүндрэл нас баралтаас сэргийлэх юм.
Дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа коронавируст (КОВИД-19) халдварын цар тахлын нөхцөл байдал эрүүл мэндийн салбарт хүндээр нөлөөлж байна. 2020 онд нийт 58,046 (2019 онд 215,010) иргэнийг сүрьеэгийн эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд хамруулж 294 тохиолдлыг илрүүлсэн нь 2019 онтой харьцуулахад 3.7 дахин буурсан, 2021 оны 1 дүгээр улиралд сүрьеэ өвчний илрүүлэлтийн дундаж 20.4 хувь, аймгуудад 20.1 хувь, Улаанбаатар хотод 20.3 хувь, хорих байгууллагад 20.5 хувь байгаа нь 2020 оныхоос буурч, сүрьеэгийн өвчлөлийг эрт үед илрүүлэх тусламж үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлж байна.
Энэхүү үйл ажиллагаа 2021 оны 2-4 дүгээр улиралд зохион байгуулагдах юм. Улсын хэмжээнд 9 дүүрэг, 10 аймаг, нээлттэй болон хаалттай 23 хорих ангийн сүрьеэгээр өвчилсөн эрсдэлт бүлгийн болон аж ахуй нэгж байгууллагын ажилтан албан хаагч, ЕБС-ийн багш ажилтан, сурагч нийт 130,403 иргэнийг үзлэг шинжилгээнд хамруулна.