logo
Үерийн хамгаалалтын бүсэд буусан 1098 өрх, аж ахуйн нэгж байна

Үерийн хамгаалалтын бүсэд буусан 1098 өрх, аж ахуйн нэгж байна

2021/06/11

Нийслэлийн хэмжээнд үерийн хамгаалалтын далан 33 км, үерийн суваг 97 км, тосох байгууламж зургаа, зам талбайн борооны ус зайлуулах шугам, сүлжээ 85 км, үзлэгийн 1486 худаг, шүүрт 2044 худаг, хөрсний ус зайлуулах шугам, сүлжээ 13.8 км байдаг.

Улаанбаатар хотын хэмжээнд ашиглаж буй 148.3 км урт үерийн хамгаалалтын барилга, байгууламж, далан сувгийн 67 хувь буюу 100 км орчим нь 1966-1987 онд, 33 хувь буюу 48 км нь 1987-2020 онуудад баригдсан байна. Харин авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээний 16 гол төв магистраль шугам нь 1970-1980 онд баригдсан, эвдрэл ихтэй байдаг. Мэргэжлийн байгууллагаас гаргасан судалгаагаар нийслэлийн хэмжээнд үерийн гамшгийн аюулд өртөх магадлалтай 200 мянган хүн, 43.5 мянган объект, барилга байгууламж бий.

Нийслэлийн хэмжээнд үерийн хамгаалалтын бүсэд буусан 1098 өрх, аж ахуйн нэгж байгаагаас 108 нь зөвшөөрөлгүй, 386 нь өмчлөх, 604 нь эзэмших эрхтэй байна. Үүнээс 383 байгууллага, аж ахуйн нэгжид газар үерийн аюултай бүсээс нүүж газар чөлөөлөх мэдэгдэх хуудас хүргүүлэн, Баянзүрх дүүргийн зургаан айлыг нүүлгэн шилжүүлжээ. Үргэлжилсэн борооны улмаас усны түвшин нэмэгдэж, нийслэлийн Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт шар усны үер болж, зам талбай, айл өрхийн хашаа, байшин усанд автсан.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Онцгой байдлын газар, Геодези, усны барилга байгууламжийн газар, Ус сувгийн удирдах газар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Улаанбаатар зам засвар ашиглалтын газрууд шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш