Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 17-ны байдлаар Их хэнтийн нурууны өвөр бэлээс усжих Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд үерийн түвшинг 23см-ээр даван үерлэсэн хэвээр байна. Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул гол Зайсан орчимд усны түвшин өмнөх өдрөөс 9см-ээр нэмэгдэн үерийн түвшинг 10 см-ээр даван үерлэж, Тэрэлж, Улиастай, Сэлбэ, Санзай тосгон болон Дамбадаржаагийн гүүр орчимд үерийн түвшнээс буусан хэдий ч гол үертэй хэвээр байна.
Иймд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс хамаарч голын усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерлэж байгаа тул голын дагуу суурьшиж , зусаж буй малчид, аж ахуйн нэгж, ард иргэдийг үeр усны аюулаас болгоомжтой байж бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг онцгойлон анхааруулж доорх сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Үүнд:
-Ард иргэд цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээ, мэдээлэлтэй цаг тухай бүрд нь танилцаж болзошгүй гэнэтийн үер усны аюул, цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх,
-Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх,
-Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
-Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх,
-Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих,
-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндээ хамгаалахыг Онцгой байдлын байгууллагаас зөвлөж байна.