logo
Замын-Үүд чөлөөт бүсийн үйл ажиллагаа эхэлнэ

Замын-Үүд чөлөөт бүсийн үйл ажиллагаа эхэлнэ

2021/07/19

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, албаны хүмүүсийн хамтаар өнгөрсөн тавдугаар сард Дорноговь аймгийн Зам-Үүд суманд томилолтоор ажилласан. Энэ үер "Замын-Үүд" чөлөөт бүсийн ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангах, тус сум дахь Дулааны цахилгаан станцыг ажиллуулахтай холбоотой дэд бүтцийн зардлын судалгаа гаргах үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгсөн.

Тэгвэл долоодугаар сарын эхээр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар Замын-Үүд чөлөөт бүсийн байнгын үйл ажиллагааг 8 сарын эхний долоо хоногт багтаан эхлүүлэх үүргийг өгч, Зам-Үүдэд баригдсан Цахилгаан станцын асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой судалгаа тооцоонд үндэслэн эхний ээлжинд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийн зардлыг шийдвэрлэж, тус станци дээр салбар бүрийн сайд нараас бүрдсэн ажлын хэсэг байгуулан газар дээр очиж цахилгаан эрчим хүч, цэвэр усны байгууламж, ариутгах татуурга гэх мэтчилэн бусад шаардлагатай дэд бүтцийг хэвийн ажиллагаанд оруулах асуудлыг шйдвэрлэхийг Ерөнхий сайд чиглэл болгосон юм.

Мөн Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон.

"Замын-Үүд" чөлөөт бүс байнгын ажиллагаатай болсноор гадаад, дотоодын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж ДНБ-д 1.6-2.3 хувийн өсөлт бий болно. Мөн Чөлөөт бүсэд 2500 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бий болж, ачаа тээврийн урсгал нэмэгдэж, Замын-Үүдэд бөөгнөрч буй ачаа тээврийн нэвтрэх чадвар сайжрах юм.

Эх сурвалж: Шадар сайдын ажлын алба 

Сэтгэгдэлүүд

Дээш