logo
“Нэмэх даатгал” нэрийн дор залилангийн шинж чанартай үйл ажиллагаа зохион байгуулж байж болзошгүй байна

“Нэмэх даатгал” нэрийн дор залилангийн шинж чанартай үйл ажиллагаа зохион байгуулж байж болзошгүй байна

2021/07/22

Сүүлийн үед цахим орчинд “Нэмэх даатгал” гэх тэтгэврийн даатгалын бүтээгдэхүүнийг олон нийтэд санал болгож, иргэдээс мөнгөн хөрөнгө татан төвлөрүүлж, тодорхой хугацааны дараа хоёр дахин үржүүлж өгнө гэсэн хууран мэхлэлт, залилангийн шинж чанартай үйл ажиллагааг тодорхой нэр бүхий этгээдийн зүгээс зохион байгуулж байж болзошгүй байна.

Даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “... Зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр Монгол Улсад болон Монгол Улсаас гадаад улсын нутаг дэвсгэрт даатгалын үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно”, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т “Энэ хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчээс бусад этгээд “даатгал”, эсхүл “даатгал” гэсэн үгний төрөл үг хэрэглэх, даатгалын үйл ажиллагаа эрхэлж байгаа, эсхүл уг үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан гэсэн сэтгэгдэл төрүүлэхүйц нэр томъёо ашиглах болон тэдгээртэй адилтгах бусад үйлдэл хийхийг хориглоно” гэж тус тус заасан байдаг.

Иймд Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй аливаа этгээдтэй даатгалын гэрээ байгуулж, хураамж, шимтгэл, төлбөр төлөх нь залилуулах, хууран мэхлэгдэх эрсдэлтэй тул иргэд, олон нийтийг аливаа даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг авахын өмнө тухайн байгууллагын нэр, тусгай зөвшөөрөлтэй эсэхийг шалгаж, өөрт учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.

Иргэд, олон нийтийг болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа эрхэлж байгаа даатгагчдын мэдээллийг энд нэвтэрч танилцана уу.

Мөн дээр дурдсан асуудлаар өргөдөл гомдол, хүсэлт, мэдээллийг Хорооны цахим хуудас-аар болон 51-266420, 51-261275 дугаарт хандан гаргах боломжтой гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш