Нэгдсэн Үндэстний Байгууллагын Энхийн ажиллагааны газрын Цагдаагийн албанаас Африк тивийн Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь Энхийг дэмжих ажиллагаанд оролцох Монгол Улсын Цагдаагийн байгууллагын 7 алба хаагчийг үдэх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр /2021.07.26/ боллоо.
Энэхүү үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир оролцож хэлсэн үгэндээ: Африк тивийн Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь энхийг дэмжих ажиллагаа /UNMISS/-нд эх орноо болон Монголын цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүнийг төлөөлөн, өргөн бүрэлдэхүүнтэйгээр үүрэг гүйцэтгэхээр болсон та бүхэндээ Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, Энхийг дэмжих ажиллагаанд нь амжилт хүсье.
Монгол Улс цагдаагийн байгууллагаас сүүлийн 5 жилийн хугацаанд НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд цагдаагийн зөвлөхөөр нийт 19 алба хаагч үүрэг гүйцэтгэсэн бөгөөд одоогийн байдлаар Бүгд Найрамдах Өмнөд Судан болон Бүгд найрамдах Судан улсын дундын бүсэд 1 алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд бусад нь үүргээ амжилттай гүйцэтгээд эх орондоо ирсэн.
Та бүхний томилогдож буй энэхүү Энхийг дэмжих ажиллагаа /UNMISS/-нд 2016 оноос хойш манай байгууллагын нийт 20 алба хаагч томилогдож, хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр, амжилттай гүйцэтгэснийг НҮБ-аас өндрөөр үнэлж, уг ажиллагаан дахь Монгол Улсын Цагдаагийн ажилтны орон тоог 8 болгон нэмэгдүүлснээр өнөөдөр ийнхүү өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцох боломж нээгдсэн.
Та бүхнийг цэнхэр дуулгатнуудынхаа залгамж халааг авч, үйл хэргийг нь үргэлжлүүлэн, гаргасан амжилтыг нь бататган, эх орон, цагдаагийн албаныхаа нэр хүндийг өндөрт өргөж энхийн манаанд хүч хөдөлмөрөө дайчлан ажиллана гэдэгт итгэлтэй байна. Аян замдаа сайн явж, зорьсон газраа саадгүй хүрч, хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлэн, эрүүл энх эргэж ирэхийг хүсэн ерөөе хэмээв.
Монгол Улсын Цагдаагийн байгууллага нь НҮБ-ын мандаттай энхийг дэмжих цагдаагийн ажиллагаанд 2016 оноос оролцож эхэлсэн бөгөөд БНӨСУ, БНСуУ тус хоёр улсын Энхийг дэмжих ажиллагаанд өнөөдрийн байдлаар нийт 20 алба хаагч бие даасан цагдаагийн ажилтнаар үүрэг гүйцэтгээд байгаа юм. БНӨСУ нь 2011 онд тусгаар тогтносноос хойш НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрээр БНӨСУ дахь НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаа /UNMISS/ явуулах болсон. Одоогоор дэлхийд явагдаж буй энхийг дэмжих 12 ажиллагаанаас цэрэг, цагдаагийн хүч, төсөв, хамрах хүрээгээрээ хамгийн өргөн цар хүрээтэйд тооцогдож буй уг ажиллагаанд Цагдаагийн байгууллагаас нийт 20 алба хаагч бие даасан цагдаагийн ажилтнаар томилогдон ажиллаж, хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгэсэн нь тухайн ажиллагаан дахь манай улсын цагдаагийн ажилтны орон тоог 8 болгон нэмэгдүүлж, Монголын цагдаагийн ур чадварыг өндрөөр үнэлүүлсэн юм.
Үүргээ идэвх санаачилгатай, үнэнч шударгаар гүйцэтгэн, өндөр зохион байгуулалт, сахилга бат, тэсвэр хатуужлын үнэлгээ, дайчин уламжлалыг улам батжуулж яваа нийт энхийг сахиулагчдадаа цаашдынх нь ажил албанд өндөр амжилт хүсье.