Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зуслангийн 26 амны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийнэ. Тус зуслангийн бүсэд 50.920 нэгж талбар байгаагаас батлагдсан ерөнхий төлөвлөгөөг баримтлан 2016-2020 онд газар эзэмшиж буй 2959 нэгж талбарын 177.3 га газрыг өмчлүүлжээ.
Өнөөгийн хэрэгжиж байгаа ерөнхий төлөвлөгөө нь бодит байдалтай уялдахгүй байгаагаас өмчлөлийн ажил удааширч, иргэд, төрийн байгууллагын хооронд үл ойлголцол үүсээд байна.
Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тус 26 амнаас эхний ээлжинд Шадивлан, Жигжид, Хуурай мухар, Бэлх гэсэн дөрвөн амд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотгол хийх санхүүжилтийг шийдэхийг үүрэг болголоо.
Үлдсэн 22 амны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотгол хийх санхүүжилтийг нийслэлийн 2022 оны төсөвт суулгахыг даалгалаа.