Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын дагуу автомашины сонирхол татсан дугаарыг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулж олсон 2 тэрбум төгрөгийг Хүүхдийн төлөө санд хүлээлгэн өгөх ёслол 2021 оны 09 дүгээр сарын 02-нд Автотээврийн үндэсний төвд боллоо.
Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар болон холбогдох байгууллагуудын удирдлага оролцов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “Хүүхдийн төлөө сангийн үйл ажиллагаа эхэлсэн. Тус санг бүрдүүлэх нэг эх үүсвэр нь тухайн үед нэлээн хэл ам таталж байсан “азын” буюу сонирхол татсан дугаарын олголтыг ил тод болгох байдлаар тодорхой дуудлага худалдаанд оруулж олсон орлогыг санд төвлөрүүлж болох юм гэсэн санаачилга гарсан. Үүний дагуу Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв холбогдох журмыг боловсруулан гаргаж энэ дуудлага худалдааг амжилттай зохион байгуулж байна. Дөрөвхөн серийн сонирхол татсан дугааруудаас хоёр тэрбум төгрөг олж, энэ хэрээр Хүүхдийн төлөө сангийн бодит орлого нэмэгдэж байгаад баяртай байна” гэлээ.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Урьд нь “азын” гэгддэг, сонирхол татсан дугаартай холбоотой маргаан цөөнгүй гардаг байсан. Багагүй хардлага сэрдлэгтэй. Яам журам гаргаж дуудлага худалдаа зохион байгуулдаг болсноор дээрх байдал цэгцэндээ ороод явж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд талархал илэрхийлэх нь зүйтэй. Тэрбээр Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Зам, тээврийн хөгжлийн яам, түүний харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа сонирхол татсан дугаарын асуудлыг цэгцлэх чиглэл өгсөн. Түүний дагуу манай яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Автотээврийн үндэсний төвийнхөн холбогдох дүрэм журмыг боловсруулж Хууль зүй, дотоод хэргийн яамтай зөвшилцөн гаргаж нийтээр дагаж мөрдүүлэн амжилттай ажиллаж байна. Хүүхдийн төлөө санд орж байгаа энэ мөнгө олон улсын уралдаан тэмцээнүүдэд оролцож амжилт гаргасан хүүхдүүдэд урамшуулал болон очих юм. Сонирхол татсан дугаарыг дуудлагаар худалдан авч байгаа иргэн бүр Монголынхоо ирээдүй болсон хүүхдүүдэд томоохон хөрөнгө оруулалт хийж байгаа юм” гэдгийг онцолсон бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “УИХ-аар Хүүхдийн төлөө сангийн тухай хууль батлагдсан. Хуульд сангийн хөрөнгийг гурван хэлбэрээр зарцуулахыг заасан. Нэгд, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтад, хоёрт, олон улсын хэмжээний урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд амжилт гаргасан хүүхдүүдийг урамшуулахад, гуравт, олон улсын хэмжээний уралдаан тэмцээнд оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэхэд зориулна гэдгийг онцолж журамласан байгаа” гэдгийг тодотгов.
Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Автотээврийн үндэсний төвөөс сонирхол татсан дугаарын дуудлага худалдааг 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн цахимаар зохион байгуулж явуулсан бөгөөд УАР, УАС, УАО, УАТ серийн нийт 1548 улсын дугаарыг дуудлага худалдаанд оруулсан байна. Энэ хугацаанд 10 удаагийн дуудлага худалдаагаар 1126 дугаарыг худалдан борлуулж, Хүүхдийн төлөө санд 2 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ.
Улсын дугаарын хамгийн өндөр үнэ хүрсэн нь 45 сая, 200 мянган төгрөг бол хамгийн бага нь 100 мянгаар худалдагдсан бөгөөд дунджаар нэг дугаар 500.000-1 сая төгрөгөөр худалдагдаж байна.
Цаашид автомашины улсын дугаарын шинэ сери задрах бүрт сонирхол татсан дугаарын дуудлага худалдааг зохион байгуулж, дуудлага худалдаанаас олсон орлогыг Хүүхдийн төлөө санд төвлөрүүлж байх юм.
Зам, тээврийн хөгжлийн яам