logo
Төрийн өмчит компаниуд ашигтай ажиллах төлөвлөгөө боловсруулж, танилцуулна

Төрийн өмчит компаниуд ашигтай ажиллах төлөвлөгөө боловсруулж, танилцуулна

2021/09/07

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ТӨК, ТӨҮГ-уудын засаглалыг сайжруулах танилцуулга хийлээ. Өнөөдрийн байдлаар 106 ТӨҮГ, компаниудад 54 мянган ажилтан, албан хаагч ажиллаж байна. Эдгээрийн 70 орчим хувь нь алдагдалтай ажиллаж байгаагийн дийлэнх нь эрчим хүчний салбар гэдгийг албаны төлөөлөл Ерөнхий сайдад танилцуулсан.

Засгийн газрын хуралдаанаар Үндэсний дөрвөн хороо байгуулсны нэг нь Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг нэмэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэх хороо юм. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар өөрийн эрхлэх асуудлын хүрээнд бэлтгэсэн танилцуулгаа Ерөнхий сайдад ийн танилцууллаа.

Төрийн өмчит компаниудыг үйл ажиллагааных нь чиглэлээр нэгтгээд корпораци болгох саналыг тус газраас гаргажээ. Ингэснээр тусдаа үйл ажиллагаа явуулж байсан газруудыг төвлөрүүлж, бодлого нэг газар зангидагдана гэж үзсэн байна. Үүний тулд хувьцаа эзэмшигчийн эрхийг төвлөрүүлэх, хэрэгжүүлэх, салбарын яамдын оролцоог хангасан бүтэцтэй байх, хөрөнгийн болон хүний нөөцийн оновчтой менежмент хийх, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцох боломжийг хангах шаардлагатайг ч мөн хэллээ.
2011 онд төрийн өмчит компани, үйлдвэрийн газрууд хоёр их наяд төгрөгийн орлоготой байсан бол 2021 онд 10 их наяд болж нэмэгдсэн байна. Хэдий орлого нэмэгдсэн ч зардал дагаад өссөнийг албаны төлөөлөл танилцуулгадаа дурьдаж байв. Эдгээрээс гадна орон нутгийн өмчит 275 компанид 18 мянган ажилтан, алба хаагч ажилладаг.

Танилцуулгыг сонссоны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бидэнд өнөөдөр үгүйлэгдэж байгаа зүйл нь хяналт, аудит. Түүнээс газрыг корпораци болгож, өргөжүүлснээр асуудал шийдэгдэхгүй. Төрийн өмчийн компаниуд алдагдалгүй ажиллах нь чухал” гээд орон нутгийн болон төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын засаглалыг сайжруулж, ашигтай ажиллуулах талаар төлөвлөгөө боловруулж ирэх долоо хоногт танилцуулах үүрэг өглөө. Мөн төрийн мэдлийн аж ахуйн нэгжүүдээс аль салбарыг нь хувьчилбал ашигтай байх талаар судлаж, танилцуулахыг даалгасан юм.  

Сэтгэгдэлүүд

Дээш