logo
Швед дэх Дэлхийн соёлын Үндэсний музейтэй хамтран ажиллана

Швед дэх Дэлхийн соёлын Үндэсний музейтэй хамтран ажиллана

2021/09/24

Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Жанабазар 9 дүгээр сарын 21-ний өдөр Шведийн Угсаатны зүйн музей, Алс дорнодын эртний эдлэлүүдийн музей, Газрын дундад тэнгис болон Ойрх дорнодын музей, Готенбургийн Дэлхийн соёлын музейг нэгтгэсэн  Дэлхийн Соёлын Үндэсний Музейн Ерөнхий захирал хатагтай Анн Фоллин-той уулзаж, дээрх музейнүүдэд хадгалагдаж буй Монголын түүх соёлын өв, дурсгалуудыг харилцан судлах, хоёр орны ард түмэнд сурталчлан танилцуулах, музей хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх  асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр манай талаас Швед дэх монголын өв, дурсгалуудаар каталог бүтээх, хамтарсан үзэсгэлэн гаргах, хоёр талын музейд хооронд мэргэжилтэн судлаачид солилцох болон Швед Улсад өсөж, хүмүүжиж буй монгол хүүхдүүдэд эх соёл, түүхээ таниулах зорилгоор монголын холбогдолтой үзмэрүүдийг танилцуулах аялал зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах санал тавьсныг айлын талаас нааштай хүлээн авч цаашид хамтран ажиллахаар болов.

Уулзалтын үеэр “Шведийн Угсаатны зүйн музей”-д хадгалж буй Монголын түүх, соёлын 1500 гаруй өв, дурсгалын зарим үзмэрүүдээс танилцуулав.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш