logo
Иргэд газар зохион байгуулалт, гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой гомдол, саналаа илэрхийлэв

Иргэд газар зохион байгуулалт, гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой гомдол, саналаа илэрхийлэв

2021/09/30

Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын өгсөн үүрэг, даалгаврын дагуу хотын удирдлагууд иргэдийн санал, бодлыг сонсож, санаачилгыг үйл ажиллагаандаа тусгах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор иргэдтэй уулзаж байгаа юм. Өнөөдрийн уулзалтад Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Баянгол дүүргийн удирдлагууд оролцлоо.

Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатартай уулзахаар хүсэлт гаргасан иргэд нь хот төлөвлөлт,  газар зохион байгуулалт, гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой гомдол, саналтай байлаа. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэн С.Байгалмаагийн хувьд Гачууртын Шар хоолой, Булагтайн зусланд барьж буй амины орон сууцны асуудлаар гомдол гаргасан юм. Тус газарт ах дүү хоёр 17.6 га талбайд газрын зөвшөөрөл авч /тухайн үед дүүргийн Засаг дарга зөвшөөрөл олгосон/, амины орон сууцуудыг олноор барьж байгуулан, иргэдэд худалдаалж байгаа төдийгүй ингэхдээ байгаль орчныг асар ихээр бохирдуулж, иргэдийн эрх ашгийг хөндөж байгаа талаар мэдэгдэв. Энэхүү гомдол мэдээллийг ойрын хугацаанд судалж, хууль журмын дагуу шийдвэрлэхийг холбогдох албаныханд даалгалаа.

Түүнчлэн зарим иргэн хашааных нь үүдэнд олон тооны ТҮЦ байршуулснаас хашаандаа амьдрах боломжгүй болсон, амины орон сууцаа давхарлан барьж хэд хэдэн айлын цонх, тагт халхалсныг шийдэж өгнө үү гэх мэтээр тулгамдсан асуудлаа шийдүүлэхээр уулзалтад ирсэн байлаа.  

Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулган, дахин төлөвлөлтөд оруулж байгаа. Энэхүү төсөл амжилттай хэрэгжиж, иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулсан тохиолдол олон боловч иргэд болон барилгын компанийн хооронд маргаан үүссэнээс төсөл нь зогссон тохиолдол ч байна. Тэдний төлөөлөл ч мөн уулзалтад ирсэн байв.  

Энэ бүх асуудлыг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар нэг бүрчлэн  сонсож, шийдвэрлэх боломжтойг нь яаралтай шийдэхийг албаныханд үүрэг болгов. Нийслэл болоод дүүргийн зүгээс шийдвэрлэсэн хэдий ч иргэд хоорондын үл ойлголцлоос шалтгаалан шийдэгдээгүй асуудал ч байдаг. Ийм тохиолдолд эе эвээ хичээж, зөвхөн өөрийнхөө эрх ашгийг өмнөө тавилгүй, бусдыг бас давхар бодолцож шийдвэр гаргаж байхыг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч санууллаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш