2021 оны тавдугаар сарын 26-ны өдөр гарын үсэг зурсан “Энгийн паспорт эзэмшигчдийг жуулчны визийн шаардлагаас чөлөөлөх тухай” Монгол Улс болон Бүгд Найрамдах Перу Улс хоорондын хэлэлцээр нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлэв.
Энэхүү хэлэлцээрийн дагуу хоёр улсын хүчин төгөлдөр энгийн паспорт эзэмшигч иргэд аялал жуулчлалын зорилгоор нөгөө талын нутаг дэвсгэрт нэвтрэх, зорчих, дамжин өнгөрөх, гарахдаа анх нэвтэрсэн өдрөөс эхлэн 180 хоногийн дотор 90 хоногоос хэтрэхгүй хугацаанд харилцан визгүй зорчих боломж бүрдэв.
Ингэснээр Монгол Улсын энгийн паспорт эзэмшигч иргэд 25 улс, үүнээс Латин Америкийн 7 улсад визгүй зорчих боломжтой боллоо гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.