Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ ресурс девелопмент корпорейшн” ХК Монголын хөрөнгийн бирж дээр нэмэлт хувьцаа гаргах арилжаагаа албан ёсоор эхлүүллээ.
Санхүүгийн зохицуулах хороо гадаадын болон дотоодын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх эрх зүйн орчинг 2018 онд бүрдүүлсэн. Үүний үр дүнд Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй дээрх компани Монголын хөрөнгийн биржид үнэт цасаа бүртгүүлж Монгол Улсын давхар бүртгэлтэй анхны компани болсон. Харин өнгөрсөн онд Хорооноос давхар бүртгэлийн эрх зүйн орчинг сайжруулж хувьцаагаа хоёр улсын бирж хооронд чөлөөтэй хөрвүүлж арилжаалах боломжийг бий болгосон нь давхар бүртгэлтэй компаниудын хувьцааны хөрвөх чадварыг нэмэгдүүлсэн бодлогын чухал алхам болсон. Хорооны есдүгээр сарын 22-ны ээлжит хуралдаанаар тус компанийн хөрөнгийн зах зээлд санал болгон нэмж гаргаж буй 17.484.662 ширхэг хувьцааг бүртгэж энэ сарын 04-нд анхдагч арилжааг эхлүүлэх зөвшөөрөл олгосон. Энэ дагуу арилжааны захиалгыг эхлүүлэх цан цохих ёслол өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, дэд захирал Т.Хаш-Эрдэнэ, “Эрдэнэ ресурс девелопмент корпорейшн”-ий бизнес хөгжил хариуцсан дэд захирал А.Билгүүн, “БиДиСЕК ҮЦК” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Даянбилгүүн болон албаны бусад хүмүүс оролцсон юм.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан цан цохих ёслолыг нээж хэлсэн үгэндээ “Санхүүгийн зохицуулах хорооноос гадаадын болон дотоодын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлснээр “Эрдэнэ ресурс девелопмент корпорейшн” дотоодын хөрөнгийн зах зээлд олон нийтэд санал болгож хувьцаагаа нэмж гаргах нөгөө талаар хөрөнгө оруулагчдын хувьд бас нэгэн бүтээгдэхүүн нэмэгдлээ. Энэхүү үнэт цаасыг нэмж бүртгэснээр гадаадын хөгжингүй зах зээлд бүртгэлтэй компани гадаадын болон дотоодын биржээр дамжуулж хувьцаагаа арилжаалах боломжтой, хөрвөх чадвар өндөртэй сайн бүтээгдэхүүн зах зээлд гарах түүнчлэн зах зээлийн үнэлгээг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ” гэдгийг онцоллоо.
Тус компани нь 2002 оноос ашигт малтмалын хайгуул хөгжүүлэлтийн ажлыг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд төслийн хүрээнд 14.25 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Татан төвлөрүүлэх энэхүү хөрөнгөөр Баян Хөндий ордын бүтээн байгуулалт, хайгуулын хөтөлбөрүүд, судалгааны зардалд ашиглах аж.