logo
УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

2021/10/07

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр (2021.10.06) Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч ноён Винод Ахужаг хүлээн авч уулзлаа.

Суурин төлөөлөгч Винод Ахужа УИХ-ын даргыг цаг зав гарган уулзаж байгаад талархал илэрхийлээд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж ирсэн төслийн тоо, хамрах хүрээ өргөн болсныг уулзалтын эхэнд танилцуулав. Үүнд, хүнсний аюулгүй байдал, амьтны эрүүл мэндийг хамарсан өргөтгөсөн хөтөлбөртэй болсон гэлээ. Тэрбээр, Дэлхийн хүнсний өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 16-ны өдөр тэмдэглэдэг. Энэ жилийн хувьд цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан цахим арга хэмжээ зохион байгуулж, “Хүнсний систем” сэдвийн дор зохион байгуулагдах уг арга хэмжээнд УИХ-ын даргыг хүндэт зочноор оролцохыг уулзалтын үеэр илэрхийлэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын урт хугацааны бодлогын бичиг баримт болох “Алсын хараа-2050”-д уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгаа олон тулгуурт эдийн засагтай болгох гол зорилтууд туссан бөгөөд эдгээр зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын оролцоо тун чухал болохыг уулзалтын үеэр цохон тэмдэглэв. Тэрбээр, Монгол Улсын хувьд цар тахлын хүнд цаг үед хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл тасралтгүй, жигд явагдах нь хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах нөхцөл гэж үзэн үүнд Засгийн газраас тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг дурдаад “Алсын хараа-2050”-т “Хүртээмжтэй, өрсөлдөх чадвартай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хүнс-хөдөө аж ахуйн систем бий болгох” зорилтыг тусгасан нь бидний тэргүүлэх зорилтуудын нэг юм гэв.

Талууд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас дэмжин хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй төсөл, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш