logo
Аж ахуйн нэгжүүд 45 хоногийн түлш, шатахууны нөөц бүрдүүлнэ

Аж ахуйн нэгжүүд 45 хоногийн түлш, шатахууны нөөц бүрдүүлнэ

2021/10/07

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны аравдугаар сарын 6-нд болж, “Газрын тосны бүтээгдэхүүн импортоор оруулж, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлж байгаа компанийн нөөц бүрдүүлэх журам”-д заасныг үндэслэн Газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 2022 онд бүрдүүлэх компанийн нөөцийн хэмжээ, бүтээгдэхүүний нэр төрлийг хавсралтаар баталлаа.

Энэхүү тогтоолын хавсралтад заасан газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг 2022 оны нэгдүгээр сарын 31-ний дотор бүрдүүлэх арга хэмжээ авч, нөөцийн бүрдүүлэлт, бүтээгдэхүүний чанарт хяналт тавьж ажиллахыг УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн нарт даалгалаа.

Улсын хэмжээнд 2020 оны наймдугаар сараас 2021 оны наймдугаар сар хүртлэх хугацаанд тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд 1,538,119.0 тонн түлш, шатахуун импортолсон байгаа нь өмнөх оны мөн үеэс 6,5 хувиар өссөн үзүүлэлт юм.

Аж ахуйн нэгжүүдийн дээрх хугацаанд импортолсон түлш, шатахууны хэмжээнд үндэслэн төрөл тус бүрээр хамгийн багадаа 45 хоногийн хэрэглээний компанийн нөөцтэй байхаар тооцжээ. Тогтоолын хавсралтад зааснаар 28 аж ахуйн нэгж нийт 193,500 тонн компанийн нөөц бүрдүүлэх юм байна.   

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш