Улсын Их Хурлын Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны өчигдрийн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар Засгийн газар болон холбогдох байгууллагад чиглэл өгөх Дэд хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн мэдээллийг сонсов. Ажлын хэсгийг Дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Ж.Батжаргал, дэд ажлын хэсэгт ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан болон албаны бусад хүмүүс ажиллажээ.
Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санхүүгийн бүтцийн талаар” танилцууллаа.
Дэлхийн эдийн засагт, ялангуяа хөгжиж буй орнуудын хувьд жижиг, дунд үйлдвэр (ЖДҮ) чухал үүрэгтэй бөгөөд дэлхийн нийт бизнесийн 90 орчим хувь, ажлын байрны 50 гаруй хувийг бүрдүүлдэг байна. Албан ёсны бүртгэлтэй ЖДҮ нь хөгжиж буй орнуудын ДНБ-ий 40 хувийг бүрдүүлдэг.
Хөгжиж буй орнуудын зах зээлийн хувьд арван ажлын байр тутмын долоог ЖДҮ эрхлэгчид бүрдүүлдэг. Дэлхийн банкны тооцоолсноор 2030 он гэхэд өсөн нэмэгдэж буй ажиллах хүчийг шингээхэд 600 сая ажлын байр шаардлагатай болох бөгөөд улс орнууд ЖДҮ-ийн хөгжлийг тэргүүлэх зорилтоо болгосноор энэхүү хэрэгцээ шаардлагыг хангана гэж үзжээ.
Үндэсний статистикийн хорооны 2020 оны урьдчилсан дүнгээр Монгол Улсын хувьд 2020 оны байдлаар бүртгэлтэй 190.830 аж ахуйн нэгжээс 94.492 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн 67 хувь буюу 64.252 нь жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамаарч, нийт ажиллах хүчний 52.5 хувь буюу 614.346 хүн жижиг, дунд үйлдвэрийн салбарт ажиллаж, ДНБ-ий 17.8 хувь, экспортод гаргаж буй бүтээгдэхүүний 2.4 хувийг үйлдвэрлэж байна. Ажиллагсдын тооны бүлгээр авч үзвэл нийт жижиг, дунд үйлдвэрийн 93.1 хувь нь 1-9 хүртэл, 6.3 хувь нь 10-49 хүртэл, 0.6 хувь нь 50-199 хүртэл ажиллагсадтай байна.
Засгийн газрын 2020 оны 49 дүгээр тогтоолоор ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрыг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албатай нэгтгэн зохион байгуулалтад оруулж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрыг 40 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.
Орон нутгийн хувьд аймгийн Хүнс, хөдөө, аж ахуйн газарт жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан нэг мэргэжилтэн ажиллаж байна. Мөн орон нутгийн эх үүсвэрээр байгуулагдсан жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв, бизнес инкубатор төв, “Орон нутагт үйлдвэрлэв“ төвүүд ЖДҮГ-т шууд харьяалалгүй, нэгдсэн удирдлага зохицуулалтгүй явж ирсэн. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд жижиг, дунд үйлдвэрийн асуудал нэгдсэн удирдлага, бодлогын зохицуулалтгүй байна. Иймээс жижиг, дунд үйлдвэрийн бодлогын шинэчлэл хийх хүрээнд Жижиг, дунд үйлдвэрийн газраас дэлхийн 30 гаруй орны туршлагыг судалжээ.
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгардаг гол асуудлын нэг нь санхүүжилтийн хүртээмж юм. Том корпорацуудтай харьцуулахад ЖДҮ эрхлэгч банкнаас зээл авах магадлал бага байдаг тул санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах, хөрөнгийн эх үүсвэрийг нээх шинэлэг шийдлүүдийг олох шаардлага байгааг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан танилцуулгадаа дурдав.
Сүүлийн жилүүдэд олон улс орон ЖДҮ-ийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, бизнесийн мөчлөгийн үе шат бүрт нийцсэн санхүүгийн хэрэгслүүдийг санал болгох зэргээр ЖДҮ-ийн уламжлалт банкны зээлээс хэт хамааралтай байдлыг бууруулахад анхаарлаа хандуулж байна. Тухайлбал, Украйн, Швейцар, Мексик, Чили зэрэг 39 улсад ЖДҮ-г дэмжих тусгай банк байдаг бол Солонгос, Япон, Турк, Франц, Казахстан, Канад, Герман, Хятад, Камбож зэгэр 40 гаруй улсад ЖДҮ-ийн сан ажилладаг байна. Мөн олон оронд хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрүүд нь ЖДҮ-ийн санхүүжилтийн бодлогын хоёр дахь нийтлэг хандлага болжээ.
Жижиг, дунд үйлдвэрийн газрын хийсэн судалгаанаас үзвэл дийлэнх улс орнуудын ЖДҮ эрхлэгчид арилжааны банк, хувийн санхүүгийн байгууллагаас санхүүжилт авахаас гадна Засгийн газрын бодлогод суурилсан тусгай сангуудаас зээл авдаг байна. Түүнчлэн төрийн өмчит санхүүгийн байгууллагад олон улсын банк санхүүгийн байгууллага, хамтын ажиллагааны байгууллагаас хямд өртөгтэй, урт хугацаатай эх үүсвэр татан төвлөрүүлэх боломж илүү их байдаг.
Иймд Монгол Улсын хувьд олон улсын сайн туршлагыг нэвтрүүлж, ЖДҮ-ийг дэмжих төрийн бүтцийг оновчтой болгон орон нутагт хэрэгжүүлэгч бүтцийг бий болгох, ЖДҮ-ийн хөгжлийг дэмжих төр-хувийн хэвшил, олон улсын донор байгууллагын хамтарсан хөрөнгө оруулалт бүхий санхүүжилтийн корпорац байгуулах, ЖДҮ-ийн холбоотой бүх үйлчилгээг нэгтгэх хэрэгтэйг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан хэллээ.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Г.Ганболд, Ж.Батжаргал, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, саналаа хэллээ. Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг борлуулах зах зээлийг нээх, шинэ технологи нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх бодлого, эрх зүйн зохицуулалтыг хийх шаардлагатай байгааг хэлэв.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал томоохон төслүүдийг дагаж ямар жижиг дунд үйлдвэр хөгжих вэ гэдгийг тухайлан ярьж тодорхойлолтыг гаргах, дэмжлэгийг нь татгалзалгүй өгдөг байх санал хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд жижиг, дунд үйлдвэрлэлийг орон нутагт хариуцан бүтцийг тодорхой болгох, зээл олгохдоо дотооддоо хэрэгцээтэй байгаа үйлдвэрлэлд түлхүү хөрөнгө оруулалт хийх оновчтой шийдлийг гаргах талаар саналаа илэрхийлэв. Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санхүүжилтийн бүтцийг дахин нарийвчлан судлах хэрэгтэй гэлээ.
Ингээд гишүүдээс гаргасан саналуудыг судалж, дахин ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэх шаардлагатай хэмээн үзсэнээр Дэд хорооны хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.