logo
Д.Тэрбишдагвын ном Франкфуртын олон улсын үзэсгэлэн яармагт танилцуулагдлаа

Д.Тэрбишдагвын ном Франкфуртын олон улсын үзэсгэлэн яармагт танилцуулагдлаа

2021/10/22
ХБНГУ-н Франкфурт хотод жил бүр зохион байгуулагддаг олон улсын номын 73 дахь үзэсгэлэн яармаг 2021 оны 10-р сарын 20-нд нээгдлээ. Өнгөрсөн онд  цар тахлын улмаас дижитал хэлбэрээр болсон бол  энэ жил яармаг танхимаар дахин үзэх боломж бүрдэв. Үзэсгэлэн яармагийн энэ жилийн уриа нь RE: CONNECT.


500 жилийн түүхтэй Франкфуртын  үзэсгэлэн яармаг нь дэлхийн хамгийн том номын тэргүүлэгч яармаг юм. Мөн олон улсын шинэ номын танилцуулга, маркетингийн гол цэг болохоос гадна  номыг дэлхийн өнцөг булан бүрт түгээн дэлгэрүүлэх платформ билээ. Номын ертөнцийнхөн  нэгэн дээвэр дор цугларч, оюун санааны бүтээлүүдээ танилцуулдаг учир зохиолч уран бүтээлчид, эрдэмтэд, судлаач шүүмжлэгчид, хэвлэл мэдээллийнхэн, хэвлэлийн үйлдвэрийнхэн болон олон нийтийн хэрэгслийн анхаарлыг гойд татдаг.





Эхний гурван өдөр зөвхөн номын салбарынхан л өөрсдөө оролцож номын шинэ зах зээлтэй танилцдаг бөгөөд дараагийн хоёр өдөр нь номонд дуртай уншигчдад нээлттэй болж, улмаар шууд борлуулалт хийх боломжтой болдог юм байна. Хэдийгээр цар тахлын улмаас  оролцогчдын тоо хязгаартай, хорио цээрийн дэглэмийн хяналт чанга байгаа ч  Франкфуртын 73 дахь номын олон улсын үзэсгэлэн яармагт энэ удаа 80 гаруй орны 2000 орчим албан ёсны төлөөлөгчид оролцож байна. Монгол Улсыг төлөөлөн УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва “УЛААН БИЧИН ЖИЛД -  Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” буюу “IM JAHR DES ROTEN AFFEN – Ein Nomade zwischen der Jurte und Brandenburger Tor” номоороо оролцож,  эх орноо сурталчилж байна. Тэрээр “Цар тахлын үед бүх үндэстэн, бүх насныхныг холбосон оюун санаа, соёлын гүүр бол ном гэдгийг өнөөдөр харуулж байна” хэмээн онцлов. Түүний номыг Германы “Eulenspigel” хэвлэлийн групп 2020 оны эхээр  герман хэлтэй уншигчдын хүртээл болгосон юм. Герман хэлээр дэлхийд 130 сая хүн ярьдаг. Д.Тэрбишдагвын ном түүний сурч, амьдарч, ажиллаж байсан Германд, цаашилбал ойр орчмын Австри, Швейцарын том номын дэлгүүрүүд, Амазонд тавигдсан байна.  www.amazon.de
 







Жил бүрийн 10-р сарын дундуур таван  өдөр үргэлжилдэг энэхүү арга хэмжээ Германы Франкфуртын үзэсгэлэнгийн талбайд 2021 оны 10-р сарын 24-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Энэ удаагийн үзэсгэлэн яармагийн тасалбарыг зөвхөн онлайнаар худалдаалж, 2-оос доошгүй удаа вакцинд хамрагдсан гэрчилгээ зэрэг баримт бичгийг нягтлан үзэж  нэвтрүүлж байна.    

73 дахь удаагийн Франкфуртын номын үзэсгэлэн яармагийг Соёлын яамны сайд Моника Грюттерс нээж,  бүтээлчээр "сэрэхийг" уриалав. Тэрээр "Өнөөдөр бид утга зохиол, сэтгүүл зүйн ертөнц Франкфурт руу буцаж ирсний баярыг тэмдэглэж байна. Цар тахлын үед  унших материал нь ердийнхөөс ч илүү "сэтгэлийн хоол" болж, хүмүүст цар тахлын хүнд хэцүүг давахад ташуур болж байна.  Энэхүү яармаг нь ном, хэвлэлийн салбарын дэлхийн хамгийн том платформ юм. Номын салбарыг амьд байлгаж, хямралыг амжилттай даван туулж чадсан бүх хүмүүст талархал дахин дахин илэрхийлье” гэв.



Энэ жилийн үзэсгэлэн яармагийн албан ёсны зочин орноор Канад улс оролцож байна. Канадын  алдарт зохиолч Маргарет Этвуд  "Ном  цаг хугацааг ухраах хэрэгсэл, сэтгэлийн машин, оюун санааны цангааг тайлагч эм  юм. Ном унших бүртээ тантай ярьж буй дуу хоолойг сонсдог. Та хичнээн их ганцаардсан байсан ч хамаагүй, та ном уншиж байхдаа ганцаараа биш гэдгээ мэдэх болно” хэмээн иш татав.  
Мөн Франкфурт хотод Канадын ерөнхий амбан захирагч Мэри Мэй Саймон хүрэлцэн ирж нээлтийн ёслолд оролцон  номын ач холбогдлыг онцлон хэлээд зогсохгүй уугуул иргэдийнхээ  аман уламжлалын тухай дурдаж, “Бидний өмнөх үеийн түүх биднийг холбож, хүч чадал өгдөг. Бид бие биендээ сайн түүхээ хэлэхээс гадна муу түүхээ  ч дэлгэх ёстой юм. Ингэснээр тухайн ард түмний өнөөгийн байдал, ард түмнүүдийн хоорондын ойлголцол, ардчилалын тухай илүү мэдээлэл авах болно ” хэмээн онцлов.





Үзэсгэлэн яармагийг зохион байгуулагчид “Цар тахлаас  өмнө  дэлхийн 75 орны 10,000 гаруй сэтгүүлчид зорьж ирж энэ арга хэмжээг сурвалжилдаг төдийгүй 106 орны 7,135 хэвлэлийн салбарынхан яармагт оролцож,  300,000  гаруй жирийн уншигчид цугларч байсан түүхтэй юм. Гэвч цар тахлын хорио цээрийн дэглэм дэлхий дахинд  цуцлагдаагүй  ийм цаг үед 2000 гаруй номын салбарын албан ёсны уран бүтээлчид, хэвлэлийн компанийхан зорьж ирэн,  2020 ба 2021 оны уран бүтээлүүдээ дэлгэн харуулж байгаа  гэдгээрээ энэ арга хэмжээ ямар чухал ач холбогдолтой болохыг илтгэж байна” хэмээн нээлтийн ёслол дээр мэдээллээ.
Видео: Нээлтийн арга хэмжээ
  
“Франкфуртын олон улсын номын үзэсгэлэн яармаг-2021” нь дэлхийн өнцөг булан бүрээс хэвлэн нийтлэх мэргэжлийн хүмүүсийг дахин цуглуулж, бүтээлийг нь олны сонор, мэлмийд толилуулж, соёл, хэвлэлийн технологийн салбарын  үйлчлүүлэгчид, түншүүдтэй уулзах боломжийг шууд олгож, номын бизнесийн шинэ загвар, шинэлэг бүтээлч хандлагыг бий болгож байна.
Ном бүтээгчид бол  хэл, орон зайд үл баригдан соёлыг түгээгчид  билээ. Д.Тэрбишдагва нь олон улсын номын яармагт оролцохоос гадна  Германы хотуудад  зочилж  ном болон Монголын түүх,  зан заншил, өв соёлыг танилцуулж байна.


Уулзалтын хуваарь,  мэдээллийг доорх линкээс үзнэ үү www.eulenspiegel.com
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш