logo
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгч Масацүгү Асакаватай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгч Масацүгү Асакаватай уулзлаа

2021/11/03

ИБУИНХУ-ын Глазгоу хотод болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Азийн хөгжлийн банк /АХБ/-ны ерөнхийлөгч Масацүгү Асакаватай уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс, АХБ хамтран ажиллаж эхлээд 30 жил болсныг цохон тэмдэглэж, ойн баярын мэндийг хүргэв. Монгол Улс, АХБ-ны 2024 он хүртэлх хамтын ажиллагааны хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн асуудал, ногоон хөгжилд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг түлхүү хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болж буй уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажлыг Монгол Улсад эрчимжүүлж, цөлжилт, шар шороон шуургыг сааруулах зорилгоор тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг санаачлан ажиллаж буй талаараа дурдав.

Түүнчлэн ногоон хөгжилд чиглэсэн бодлогыг Монгол Улсад хэрэгжүүлэхэд бусад орны сайн туршлагыг нэвтрүүлэх, ялангуяа ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх, мөн сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр АХБ-тай нягт хамтран хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

АХБ нь уур амьсгалын өөрчлөлт, экосистемийн доройтолтой тэмцэх чиглэлд Монгол Улстай илүү өргөн хүрээнд хамтран ажиллаж, санхүүжилтийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэхээр болсон гэдгийг ерөнхийлөгч Масацүгү Асакава тодотгов. Энэ чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ногоон хөгжлийн бодлого, санал, санаачилгыг дэмжин ажиллана гэлээ.

Уулзалтын үеэр Монгол Улс, АХБ-ны хамтын ажиллагаа, түүний тэргүүлэх чиглэлүүд, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш