logo
Өнгөрөгч 10 дугаар сард ихэнх төрлийн зөрчлийн гаралт өссөн байна

Өнгөрөгч 10 дугаар сард ихэнх төрлийн зөрчлийн гаралт өссөн байна

2021/11/10

Энэ он гарсаар улсын хэмжээнд 987787 зөрчлийн хэрэг бүртгэгджээ. Үүнээс 10 дугаар сард 216858 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь өмнөх 9 дүгээр сартай харьцуулахад 8 хувиар өссөн байна.

Нийт зөрчлийн хэргийн 79.1 хувь нь Нийслэлд бүртгэгдсэн бол 20.8 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нийт хэргийн 99.3 хувийг Цагдаагийн байгууллага, 0.2 хувийг Мэргэжлийн хяналт, 0.01 хувийг Онцгой байдал, 0.4 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалгаж шийдвэрлэсэн байна.

Улсын хэмжээнд өнгөрөгч 10 дугаар сард зөрчил үйлдсэн 213952 хүн, 263 хуулийн этгээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлжээ. Зөрчилд холбогдсон нийт хүмүүсийн 76.2 хувь нь эрэгтэй, 23.8 хувь нь эмэгтэй байгаа бол 65.5  хувь нь 26-45 насныхан байна.

Дээрх хугацаанд зөрчлийн хэргийн улмаас хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхолд 699109000 төгрөгийн хохирол учирч 76 хувь нь буюу 531537000 төгрөгийн хохирол нөхөн төлөгджээ.

Өнгөрөгч 10 дугаар сард үйлдэгдсэн зөрчлийг 9 дүгээр сартай харьцуулахад ихэнх төрлийн зөрчил өссөн үзүүлэлттэй байна. Тодруулбал, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 64 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 50 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 33 хувиар, Танхайрах зөрчил 31 хувиар, Мөрийтэй тоглоом тоглох зөрчил 25 хувиар, Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил 21 хувиар тус тус өссөн байна.

Мөн Хүний биед халдах зөрчил 14 хувиар, Нийтийн зориулалтын орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах, Хулгайлах зөрчил тус  бүр 13 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 7 хувиар өсжээ.

Харин Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 94 бүртгэгдсэн нь өмнөх сараас 8 хувиар буурсан үзүүлэлттэй байна Улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ.

Сэтгэгдэлүүд

Дээш