“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд “Пөөдөө” тайз дэлгэцийн хосолмол бүтээл туурвих төслийн үзэсгэлэн Монголын Театрын музейд өнөөдөр нээлтээ хийлээ.
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр “Пөөдөө” тайз дэлгэцийн хосолмол бүтээл туурвих төслийн хүрээнд бүтээгдсэн хүүхэлдэйн дүрүүдийг танилцуулж, Монгол Улсад “Puppet movie” төрлөөр бүтээж буй анхны бүрэн хэмжээний кино бүтээл хэрхэн бүтэж буйг гэрэл зургийн үзэсгэлэнгээр олон нийтийн хүртээл болгож байна. Түүнчлэн тус бүтээлийн шилдэг дүрслэлийг харуулсан хэвлэмэл гэрэл зургийг энэхүү үзэсгэлэнгээс харах боломжтой.
Төслийн хүрээнд бүтээгдэж буй “Пөөдөө” бүрэн хэмжээний уран сайхны киноны ерөнхий найруулагчаар О.Батзориг, жүжгийн найруулагчаар Я.Өнөртуяа, ерөнхий зураачаар с.Энх-Од, Г.Алтаншагай, ерөнхий зураглаачаар Ц.Цэрэндорж, компьютер график Ш.Тансаг нар ажиллаж байгаа бөгөөд Хүүхэлдэйн театрын нийт уран бүтээлчид, “Очир фильм”,”Dream entertainment”,Canary Asia”,”Тансаг” график студи энэхүү төслийн уран бүтээлүүдэд тус тус ажиллаж байна.
Уг төслийг Соёлын яам, Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Соёл урлагийн газрын дэмжлэгтэйгээр Улсын хүүхэлдэйн театр хэрэгжүүлж байгаа юм.
Энэхүү үзэсгэлэн 2021 оны 11 дүгээр сарын 15-21-ний өдрүүдэд Монголын Театрын музейд зохион байгуулагдана гэж Соёлын яамнаас мэдээллээ.