logo
Ази тивийн сарлагийн аж ахуй, сүү үйлдвэрлэлийн талаар хэлэлцлээ

Ази тивийн сарлагийн аж ахуй, сүү үйлдвэрлэлийн талаар хэлэлцлээ

2021/11/22

Ази тивийн сүүний түншлэлийн бүс нутгийн олон улсын цахим хэлэлцүүлэг болж, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас дотооддоо сарлагийн удмын санг хамгаалах, сүргийн цус сэлбэлт, үржлийн ажлыг тогтмол зохион байгуулах, сарлагийн сүү, хөөвөр зэрэг түүхий эд, бүтээгдэхүүний ашиглалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, малчдын амьжиргааг дээшлүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлд олон арга хэмжээг шат дараатайгаар хэрэгжүүлж байна. Тухайлбал, Говь-Алтай, Архангай аймагт “Сарлагийн фестиваль”, сүрэг сайжруулсан арга хэмжээг зохион байгуулдаг” гэдгийг онцоллоо.

Сарлагийн аж ахуй нь өндөр уулын бүсэд, хязгаарлагдмал орон зайд байршиж, байгаль цаг уурын эрс тэс орчинд дасан зохицсон, өвөрмөц эко орчин бүхий онцлогтой стратегийн нэн чухал салбар. Сарлаг дагасан малчдын соёл, уламжлал, зан заншил, сүү боловсруулах, хэрэглэх уламжлалт мэдлэг, арга ажиллагааг орчин цагт үнэ цэнтэй хадгалах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малчдын амьдралын чанарыг сайжруулах нь цаг үеийн шаардлага болж байна. Ялангуяа, сарлагийн сүү нь технологийн шинж чанар, бүтцээрээ өвөрмөц учраас хүнсний зориулалтаар боловсруулах, хэрэглэх арга ажиллагаанд анхаарах хэрэгтэйг Т.Жамбалцэрэн дурдлаа.

Ази тивийн бүсийн олон улсын арга хэмжээнд сарлагийн аж ахуй, сарлагийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт хэрэгжүүлсэн арга туршлага, үр дүн, гарц, шийдэл, ололт, амжилтаасаа Бутан улсын Мал аж ахуйн газар, Непал улсын Сүүний салбарын үндэсний зөвлөл, Энэтхэг улсын Сарлаг судлалын төв, Хятад улсын сүүний холбоо, “Treasure of Plateau” байгууллага, мөн Монгол Улсын сарлагийн холбооныхон санал, хүсэлтээ нээлттэй хуваалцлаа.

Хэлэлцүүлгийг Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр, Олон улсын сүүний холбоо, Дэлхийн “Юрта” холбооноос хамтран зохион байгууллаа гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 


АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш