logo
Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж байна

Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж байна

2021/11/24

НЗДТГ, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулан, дүүрэг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөд танилцуулж байгаа. Арваннэгдүгээр сарын 16-наас эхэлсэн танилцуулга, зөвлөгөөн өнөөдөр Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэлэлцсэнээр үргэлжиллээ.

Анх 2001 онд Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг баталж байсан бөгөөд 2012 онд тус ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийж байжээ. Ийнхүү анхны ерөнхий төлөвлөгөөнөөс хойш 19 жилийн дараа шинэчлэн боловсруулахаар ажиллаж байна. Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хөдөө аж ахуйн газар, хот тосгон болон суурин эдэлбэр газар, зам, шугам сүлжээний газар, ойн сан бүхий газар, усан сан бүхий газар, улсын тусгай хэрэгцээний газар хэмээн ангилан төлөвлөлтөө хийжээ.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай “Нийслэл Улаанбаатар хотын газрын харилцааны бодлого, төлөвлөлт, өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар НИТХ, ДИТХ-д сонгогдсон төлөөлөгчдөд танилцуулах зөвлөгөөнийг хийж байна. Ирэх жилүүдэд газрын харилцаатай холбоотой ямар ажил хийх вэ, хэрхэн зөв төлөвлөх вэ гэдэг асуудлаар зөвлөлдөж байгаа. Хийх ажлаа зөв төлөвлөснөөр төлөвлөгөөт ажлаа хэрэгжүүлэх нөхцөл нь бүрдэнэ. Тиймээс иргэдийн сонгосон албан ёсны төлөөлөгчдөөр нь дамжуулж саналыг нь тусгуулах юм. 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн шинэ ерөнхий төлөвлөгөөгөөр газар болон хот байгуулалтын асуудлууд шийдэгдэнэ” хэмээж байв.

Түүнчлэн тус зөвлөгөөнд оролцож буй Газар зохион байгуулалт, төлөвлөлтийн мэргэшсэн инженер Ц.Ханбүргэд “Энэ удаагийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө нь Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй нэг цаг хугацаанд хийгдэж байгаагаараа онцлогтой. Цаашид Улаанбаатар хотын газрын бодлого ирээдүйн 16 жилд хэрхэх вэ гэдэг нь тодорхой болж, бодлогын үндсэн бичиг баримт нь шинэчлэгдэн батлагдаж байна. Шинжлэх ухааны бүхий л шинэ арга зүй, ололт амжилтуудыг ашиглан, тус төлөвлөгөөг боловсруулж байгаа бөгөөд тун шинэлэг ерөнхий төлөвлөгөө болж байгаа. 2018 онд Монгол Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө шинэчлэгдэн батлагдсан. Үүнтэй холбоотойгоор нийслэл болон аймгуудын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг тус төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулсан. Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг 2020 оноос эхлэн хийж  эхэлсэн бөгөөд 2021 ондоо багтаан НИТХ-д өргөн барихаар бэлтгээд байна. Улаанбаатар хотын тохиромжтой байдлын үнэлгээгээр хотын иргэдэд өмчлүүлэх газар болон иргэдэд олгох газрын нөөц багассан. Дагуул, хаяа хотуудыг хөгжүүлбэл иргэдэд өмчлүүлэх, шинээр олгох газрын нөөц нэмэгдэнэ. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй стандартуудаас давсан буюу өндөр нягтралтай төвийн дүүргүүдэд газар шинээр олгохгүй. Харин нийгмийн дэд бүтэц буюу сургууль, цэцэрлэгийн нягтралыг сайжруулах, зам, шугам сүлжээг нэмэгдүүлэх чиглэлээр газар олголтыг хийнэ. Бусад зориулалтын барилга, байгууламжид газар олголт хийхийг хориглох байдлаар тус төлөвлөгөөг батлах гэж байна” гэв.

Өнгөрсөн жилүүдэд жилд дунджаар 100 орчим гарааш буулган, газрыг чөлөөлдөг байсан бол 2021 онд нийслэлд мянга орчим гарааш буулган, газрыг чөлөөлсөн. Ирэх онд үлдсэн бүх гарааш буюу 5700 орчим зөвшөөрөлгүй барьсан тоосгон гарааш, чингэлгийг буулгахаар төлөвлөжээ. Гараашнууд голдуу сургууль, цэцэрлэг, эмнэлгийг тойрсон байршлуудад хашаа даган байрлаж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулдаг. Тиймээс эдгээр гараашийг бүгдийг нь буулган, тохижилт, ногоон байгууламж, авто зогсоол бий болгон, явган зорчилтыг нэмэгдүүлэх үүднээс орц, гарцыг нээх ажлыг ирэх оноос эрчимжүүлэх аж.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш