logo
Катар дахь авлигатай тэмцэх үйл ажиллагаа: бодлого уу, улс төр үү?

Катар дахь авлигатай тэмцэх үйл ажиллагаа: бодлого уу, улс төр үү?

2022/01/07

Энэ оны эхээр Катарын Сангийн сайд Али Шареф Аль Эмади (Ali Shareef Al Emadi) авлигын хэргээр баривчлагджээ. Энэ мэдээ Арабын булангийн бүс нутгийн хувьд үнэхээр тэсрэх бөмбөг болов. Нэг зүйлийг хэлэхэд, Аль Эмади бол Сангийн сайдаар зогсохгүй өмнө нь тус улсын 300 тэрбум долларын төрийн баялгийн сангийн ТУЗ-ийн дарга, Qatar Airways компанийн ТУЗ-ийн дарга, Ойрхи Дорнод дахь хамгийн том зээлдэгч Катарын Үндэсний банкны ТУЗ-ийн дарга зэрэг Катарын нэр хүндтэй байгууллагуудын удирдах албан тушаал хашиж байсан хүн юм. Аль Эмади баривчлагдсантай холбоотой бас нэг гайхмаар зүйл бол түүний баривчилгаа хэрхэн олон нийтэд ил болсон нь юм. Катар болон бүс нутгийн бусад улс орнуудад авлигын хэрэгт сэжиглэгдэж буй өндөр албан тушаалтантай хэрхэн харьцдагаас энэ удаагийнх эрс ялгаатай байв. Ийм тохиолдолд мөрдөн шалгах ажиллагааг ихэвчлэн нууцалж, хэрвээ үндэслэлтэй гэж үзвэл түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх замаар шийдвэрлэдэг. Аль Эмадигийн хувьд эсрэгээрээ, баривчилах, мөрдөн шалгах ажиллагааг төрийн мэдлийн мэдээллийн агентлаг олон нийтэд зарлаж, түүнийг албан тушаалаас нь халав.

Аль Эмади баривчлагдснаас хойш зургаан сар гаруй хугацаа өнгөрсөн бөгөөд нөхцөл байдал нууцлаг хэвээр байна. Аль Эмади юу ч хэлээгүй бөгөөд түүнийг баривчилснаас хойш хоёр хоногийн дараа Катарын засгийн газраас ганцхан удаа мэдэгдэл гаргажээ. (Гадаад хэргийн сайдын энэ мэдэгдэлд "Хэн ч хуулиас дээгүүр байдаггүй", "Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэсэн байв.) Энэ нь мэдээллийн байгууллага болон судлаачдыг Аль Эмадигийн баривчилгааны ер бусын нөхцөл байдлын талаар янз бүрийн таамаглал дэвшүүлэхэд хүргэв. Баривчилгааны дараахан хэвлэгдсэн Брукингсийн хүрээлэнгийн нийтлэлд дэвшүүлсэн нэг боломжит тайлбар бол ийм албан тушаалтнуудыг авлигын хэргээр баривчилдаггүй улс оронд (болон бүс нутагт) олны танил эрхмийг баривчилсан тухай нийтэд зарласан нь Катарын бодлогод бодит өөрчлөлт гарч байгааг илтгэж магадгүй бөгөөд энэ нь илүү сайн, илүү шударга засаглалын төлөөх жинхэнэ тэмүүллийн нэг хэсэг байж болох юм. Катарын Төв банкны эдийн засагч асан ч мөн адил өөдрөг тайлбар хийж, энэхүү баривчилгаа нь "Засгийн газар авлигатай тэмцэх шинэ эрмэлзлийнхээ талаар бүх Катарчуудад хүчтэй мессеж илгээж байна" гэж мэдэгдэв.

Энэ нь мэдээжийн хэрэг боломжтой, гэхдээ бид үүнд хэт их итгэж найдаж болохгүй. Аль Эмадиг баривчилсан нь авлигатай тэмцэх Катарын засгийн газрын арга барилыг бодитоор өөрчлөхөөс илүүтэй улс төрийн тооцоотой холбоотой байж болзошгүй юм.

Аль Эмадиг баривчилсан нь Катарын засгийн газар өндөр түвшний авлигатай тэмцэхэд урьд өмнөхөөсөө илүү тууштай байгааг илтгэж байна гэсэн мэдэгдэлд эргэлзэх хэд хэдэн шалтгаан бий.

  • Нэгдүгээрт, хэрэв Катарын засгийн газар үнэхээр “авлигатай тэмцэх шинэ хүсэл эрмэлзэлтэй” байгаа бол төрийн худалдан авалт, байгалийн баялгийн салбар дахь системийн авлигын олон жилийн турш бугшсан асуудлуудыг шийдвэрлэх дорвитой арга хэмжээ авна гэж найдаж болох юм. Гэхдээ Засгийн газар энэ тал дээр багахан зүйл хийсэн. Аливаа улс орон ганцхан шөнийн дотор асар их өөрчлөлт хийж чадахгүй ч авлигатай тэмцэх чухал хөтөлбөрийг урагшлуулахыг чин сэтгэлээсээ хүсэж буй засгийн газар хамгийн эрсдэлтэй, хамгийн асуудалтай салбаруудыг шийдвэрлэхийн тулд ямар нэгэн утга учиртай арга хэмжээ авах байсан. Ийм арга хэмжээ аваагүй хэрнээ нэг сайдыг баривчлах нь авлигатай тэмцэх засгийн газрын тэргүүлэх чиглэлүүдэд дорвитой өөрчлөлт орсныг илтгэхгүй байгаа юм.
  • Хоёрдугаарт, Аль Эмадигийн баривчилгаа олон нийтэд ил тод болсон ч дараа дараагийн мөрдөн шалгах ажиллагаа явагдахгүй байна. Мэдээжийн хэрэг бид засгийн газраас мөрдөн ажиллагааны явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэж найдахгүй байгаа ч мөрдөн шалгах ажиллагаа нууцлагдмал байгаа нь анхаарал татаж байна. Өнгөрсөн сард засгийн газар Аль Эмадиг Али Аль Куваригаар сольсон ч Аль Эмади болон түүний хэргийн мөрдөн шалгах ажиллагаа, хүлээгдэж буй хариуцлагын талаар нэг ч үг гараагүй. Энэ нь, тухайн үед засгийн газар баривчилгааг олон нийтэд бахдалтайгаар зарласан хэрнээ одоо бол бүгдийг хэрэг явдлаас холдуулахыг илүүд үзэж байгааг харуулж байна.

Хэрэв Катар Аль Эмадиг баривчилсан нь авлигатай тэмцэх бодлогод жинхэнэ өөрчлөлт авчирахгүй юм бол юу болж таарах вэ? Катар яагаад Аль Эмадиг авлигын хэргээр баривчлахаар шийдсэнд олон улсын ба дотоодын дор хаяж хоёр улс төрийн тайлбар бий.

  • Олон улсын харилцааны тухайд Катар улс Аль Эмадиг авлигын хэргээр олон нийтэд ил тод огцруулсан нь тус улсын нэр хүндийг, ялангуяа АНУ-ын өмнө сайжруулах гэсэн оролдлого байж магадгүй юм. Байдены засаг захиргаа хүний эрх (Катарын үзүүлэлт муу байгаа) болон авлигатай тэмцэх зэрэг асуудлуудыг онцлох төлөвтэй байна. Ийм нөхцөлд Катар Аль Эмадиг олон нийтийн өмнө баривчилсан нь бодлого, тэргүүлэх чиглэлийн бодит өөрчлөлт гэхээсээ илүү тус улс анх удаагаа өндөр түвшний албан тушаалтны авлигын хэрэгт хариуцлага тооцож байгаагаа АНУ-ын шинэ засаг захиргаанд харуулах гэсэн оролдлого байж магадгүй юм. Энэ тайлбар Катарын сүүлийн үед хийсэн бусад үйлдлүүдтэй ч нийцэж байна. Тухайлбал, Афганистанаас нүүлгэн шилжүүлэлт хийхэд АНУ-тай нягт хамтран ажилласан, энэ намрын эхээр Шурагийн зөвлөлийн сонгуулийг удаан хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргасан, бүх нийтийн сонгуульд нэг ч эмэгтэй нэр дэвшигч ялалт байгуулаагүй ч Эмир тус Зөвлөлд хоёр эмэгтэйг томилсон нь тус улсын хувьд анхны тохиолдол юм. Тиймээс Аль Эмадиг баривчлах болсон шалтгаануудын зарим нь гадаад дахь нэр хүндээ сайжруулах, АНУ-тай ойр дотно харилцаа тогтоох гэсэн Катарын өргөн хүрээний хүчин чармайлттай холбоотой байж болзошгүй байна.
  • Аль Эмадиг олон нийтийн өмнө баривчлахад дотоодын улс төрийн тооцоо ч нөлөөлсөн байж магадгүй юм. Эмир болон Катарын эрх баригч гэр бүлийн бусад хүмүүс Аль Эмади (ба түүний овог) улс төрийн аюул гэж үзсэн байж мэднэ. Үнэндээ Аль Эмади Сангийн сайдын албыг хашиж, тус улсын олон жилийн туршид үйл ажиллагаа явуулж буй цөөнгүй байгууллагуудын удирдах зөвлөлийн гишүүний хувьд ихээхэн эрх мэдэл, нөлөөлөлтэй байсан. Түүний овог санхүүгийн асар их хүчийг эзэмшдэг. 2017 оны байдлаар Аль Эмади овгийн гишүүд Катарын биржид бүртгэлтэй компаниудын ТУЗ-ийн суудлыг эрх баригч Аль Тани овгоос бусад бүх овгоос илүү эзэлжээ. Аль Эмадигийн ур чадварын нэр хүндийг (түүнийг The Banker сэтгүүлээс 2020 онд Ойрхи Дорнодын “Оны Сангийн сайд”-аар тодруулсан) харгалзан үзвэл Эмир Аль Эмадиг засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах аргаар огцруулах нь улс төрийн хувьд бэрхшээлтэй байсан учраас түүнийг авлигын хэргээр огцруулсан нь боломжит өрсөлдөгчөө устгахад хууль ёсны өнгө аяс нэмсэн байж магадгүй юм. Аль Эмадигийн оронд Сангийн сайдаар томилогдсон Али Аль Кувари нь эрх баригч гэр бүлд үнэнч гэдгээрээ алдартай овгийн гишүүн байгаа нь ч анхаарал татаж байна.

Тиймээс Аль Эмадиг баривчилсан нь Катарын засгийн газар өндөр түвшний авлигатай тэмцэх шинэ, илүү чухал амлалт өгч байна гэж найдаж болох ч энэ алхам нь дотоод болон олон улсын улс төрийн тооцоотой илүү холбоотой байж магадгүй юм. Авлигатай тэмцэх хүчин чармайлтыг улс төрийн аргаар ашиглах нь тус бүс нутагт урьд өмнө тохиолдож байгаагүй зүйл биш билээ. Эцэстээ 2017 оны Саудын Арабын авлигын эсрэг тэмцэлтэй тун төстэй сэжиг төрүүлээд байгаа юм. Аль Эмади баривчлагдсан нь юуг илтгэж байгааг мэдэхэд эрт байгаа ч авлигатай тэмцэх нийгэмлэг одоохондоо алга ташин хүлээж авах ёстой. Засгийн газар авлигын эсрэг шинэчлэлийн арга хэмжээнүүд, тухайлбал Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид нийцсэн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх нь нэг хүнийг баривчлахаас илүү бодит бодлогын өөрчлөлтийн дохио байх болно.

Эх сурвалж: https://globalanticorruptionblog.com/2021/12/06/anticorruption-in-qatar-policy-or-politic
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш