Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 12-нд болж, Төрийн зарим төрлийн хяналт, шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
Коронавируст халдварын цар тахлын улмаас эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхэд төлөвлөгөөт хяналт шалгалтыг түр хугацаанд зогсоох нь бизнес эрхлэгчдэд эергээр нөлөөлнө гэж үзэж хуулийн төслийг боловсруулсан байна.
Хуулийн төсөл нь 2022 оны хоёрдугаар сарын 1-нээс 2024 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд үйлчилнэ. Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор энэ гурван жилд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхгүй, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллээр эсхүл эрх бүхий байгууллагын шийдвэр байгаа тохиолдолд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхээр заажээ. Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхэд зөрчил илэрсэн бол тэргүүн ээлжинд зөвлөн туслах, сануулах шинжтэй албан шаардлага хүргүүлнэ.