МХЕГ-ын даргаар Б.Баасандоржийг томилох шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт гаргасан. Уг шийдвэрийн дагуу Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын шинээр томилогдсон даргад энэ сарын 25-ны өдөр тамгыг нь хүлээлгэн өгч, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн нар ажлын амжилт хүслээ.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан МХЕГ-ын шинэ даргад болон нийт хамт олонд хандаж хэлсэн үгэндээ "Цар тахлын хүнд хэцүү цаг үед иргэд, олон нийтийг халварын эрсдэлээс сэргийлэн ажилласан байгууллагуудын нэг бол мэргэжлийн хяналтынхан. Бүх хүчээ дайчлан ажилласан та бүхэнд талархаж байна. Гэвч өнгөрсөн хугацаанд зарим нэг хүний гаргасан алдаа, дутагдлаас болж нийт салбарын нэр хүнд сэвтэх эрсдэлтэй байдгийг та бүхэн мэднэ. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг.
Энэ мэт алдаа дутагдлыг арилгахын тулд хичээж ажиллах хэрэгтэй. Мэргэжлийн хяналтын байцаагч нар бол иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад хамгийн ойрын зөвлөн туслагч, чиглүүлэгч нь байх ёстой" хэмээн онцолсон.
Мэргэжлийн хяналтынхан авлигын үзүүлэлтээр төдий л хангалттай биш үнэлгээ авч байгаа учраас цаашид иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд болон иргэдэд хууль бус дарамт шахалт үзүүлсэн, өөрийн ашиг сонирхлын төлөө авлига, хээл хахууль нэхсэн зөрчил илэрвэл олон нийтэд зарлаж, хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллахыг Б.Баасандорж дарга болон бусад удирдлагуудад сануулж хэллээ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.