ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР ТАНАА
Хөгжлийн банкнаас их хэмжээний зээлийг өөрсдийн төдийгүй хамаарал бүхий компаниудаар дамжуулан авч тус банкийг дампууруулах хэмжээнд ноцтой хохирол учруулсан улстөрч, бизнесмэн, хувь хүмүүсийн талаарх баримтыг олон нийтэд мэдээллэсэн сэтгүүлчдийн амь насанд халдана хэмээн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан Ё.Отгонбаяр олон нийтийн сүлжээг ашиглан заналхийлсэн үйлдэл гаргасныг Монголын сайтын холбооноос эсэргүүцэн энэхүү мэдэгдлийг гаргаж байна.
Ё.Отгонбаяр нь хувийн эрх ашгаа хамгаалахын тулд www.zarig.mn вэбсайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг болон сэтгүүлч У.Оргилмаа нарын амь насанд халдахаар заналхийлж байгаа энэ үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа бөгөөд бусдыг айлган сүрдүүлэх замаар өөрийн бусармаг үйл ажиллагааг нуун дарагдуулах гэсэн үйлдэл хэмээн үзэж байна. Иймд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлж, Монгол Улсын Үндсэн хууль болон Хэвлэлийн эрх чөлөөний хуулиар олгосон эрхээ эдэлснийх нь төлөө бусдын амьд явах эрхэд заналхийлсэн ноцтой үйлдлийг зогсоож, хуулийн дагуу арга хэмжээ авахыг Монголын Сайтын холбооны нийт гишүүдийн өмнөөс шаардаж байна.
Сэтгүүлчдийг заналхийлж, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд ноцтой халдсан Ё.Отгонбаярт Эрүүгийн хуулийн 13.5 Заналхийлэх, 14.3 Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах зэрэг заалтуудыг үндэслэн шуурхай арга хэмжээ авч хариуцлага тооцохыг шаардаж байна.
Дашрамд, шударга үнэний дуу хоолой болж, олон нийтийн мэдэх эрхийн төлөө цаг завгүй хөдөлмөрлөж байдаг хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд, сэтгүүлчдийн амь нас, халдашгүй байдалд гүнээ санаа зовж, түгшиж байгаагаа зориуд тэмдэглэе.
Монголын Сайтын Холбоо