logo
Туслах малчдын түүвэр судалгаанд дөрвөн аймаг хамрагджээ

Туслах малчдын түүвэр судалгаанд дөрвөн аймаг хамрагджээ

2022/02/16

Европын Холбооны санхүүжилтээр Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Дэмжих бүлэг болон хүний эрхийн сургалтаар туслах малчдыг чадавхжуулах нь” төслийг 2020-2021 онд Архангай, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий аймагт хэрэгжүүлж, судалгааг 18 сумын 1244 туслах малчдыг хамруулсан юм.

Энэхүү судалгаа нь Монгол Улсад туслах малчны нийгэм, эдийн засгийн байдал, иргэний ба улс төрийн, эдийн засаг, нийгэм, соёлын болон хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн асуудлыг хөндсөн түүвэр гэдгээрээ онцлогтой.

Судалгааны зарим дүнгээс танилцуулбал:

- Судалгаанд хамрагдсан туслах малчин өрхүүдийн жилийн дундаж орлого орон нутгийн өрхийн жилийн дундаж орлоготой харьцуулахад 65.4 хувиар бага байна. Туслах малчин гурван өрх тутмын хоёр нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур амьдралтай байна.

- Давхардсан тоогоор туслах малчдын 28 орчим хувь нь албадан хөдөлмөрийн золиос болж, хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй байдал нь туслах малчны хөдөлмөрийн маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэхэд хөлсөөр ажиллах гэрээгээр зүйлчлэн шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлж байна.

- Ажлын байрны дарамт, ялангуяа хүч хэрэглэх, зодох зэрэг зөрчилд 3.6 хувь нь өртдөг. Ингэхдээ эрүүл мэндийн үйлчилгээ авахыг нь хориглох (зорчих эрхийг нь хязгаарлах байдлаар), ажлын байрны дарамтаас эмээж туслах малчид ажил олгогчдоо гомдол санал гаргах, шаардлага тавихаас зайлсхийх байдал нь зөрчлийг улам даамжруулж байна.

- Туслах малчид нь хөдөлмөрийн зах зээлд албан бусаар хүлээн зөвшөөрөгдсөн цалин хөлсний хэм хэмжээг баримталж байгаа бөгөөд тэд амралтын өдөргүй, ажлын тогтсон цаггүй гэр бүлийн гишүүд нь цалин хөлсгүй ажиллаж байна. Тухайлбал, туслах малчин өрхийн гурван хүүхэд тутмын хоёр нь эцэг, эхийн хүлээсэн үүргийн дагуу ажил олгогч өрхийн мал аж ахуйн ажилд нь цалин хөлсгүй ажилладаг байна.

-Туслах малчид нь эрхэлж буй ажил үүрэгтэй холбоотойгоор хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт, хэрэглэлээр хангагдах байдал хангалтгүй байна. Үүнээс болоод хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байдал үүсдэг. Өөр нэг ноцтой асуудал нь туслах малчид сонгуулийн өдөр, ажил олгогчтойгоо цуг явж саналаа өгдөг нь ажил олгогчийн зүгээс санал өгөх, сонголтод нөлөөлөх нөхцөл үүсдэг, “саналыг худалдаж авах” зэргээр улс төрийн эрхийг зөрчиж байж болзошгүй байна.

Судалгааны үр дүнг “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэл”-д тусад нь бүлэг болгон оруулж, УИХ-аар хэлэлцүүлэн холбогдох шийдвэрийг гаргуулаад байна.

Эх сурвалж: ХЭҮК

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш