logo
Д.Эрдэнэбилэг 488 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг хууль хяналтын байгууллагууд тогтоов

Д.Эрдэнэбилэг 488 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг хууль хяналтын байгууллагууд тогтоов

2022/02/23
Кью Эс Си ХХК
Монгол Улсын Хөгжлийн банкнаас 2015 оны 12 сад 71,3 сая ам.долларын санхүүжилт авч зээлээ эргэн төлөөгүй “Кью Эс Си” ХХК-ийн хэргийг 2022 оны 1 сарын 14-ний өдөр Улсын дээд шүүхээр хэлэлцэж 192,5 тэрбум төгрөгийг Хөгжлийн банканд олгуулахаар шийдвэрлэсэн байдаг.

Тус “Кью Эс Си” ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банкнаас 2014 оны 12 сарын 01-ний өдөр 71,3 сая ам.долларын зээл авах үед Д.Эрдэнэбилэг нь тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн даргаар ажиллаж байсан.
2014 оны 4 сарын 04-ний өдөр Эдийн засгийн хөгжлийн яамнаас “Кью Эс Си” ХХК-тай “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх” 30 жилийн концессын гэрээг байгуулж, тус гэрээгээр тусгай зөвшөөрлүүдэд хамаарах орд газруудад олборлолт явуулах, ашиглах онцгой эрхийг дангаар эдлэх, төслийн хүрээнд бий болох бүтээгдэхүүнийг бие даан захиран зарцуулах, үнэ ханшийг тогтоох, захиран зарцуулснаас бий болсон үр шимийг хүртэх зэрэг давуу эрхүүдийг бий болгосон байдаг.

Улмаар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг 2014 онд дээрх давуу эрх эдлэх компанийн эрхийг “Кью Эс Си” ХХК-д шилжүүлэх шийдвэр гаргаж, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Төмөртолгой, Төмөртэйн уурхайнуудаас олборлосон болон цаашид олборлох бүх төмрийн хүдрийг захиран зарцуулж буй юм.
 
Хөтөл ХХК
 
Мөн л Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий “Хөтөл” ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банкнаас 2012 оны 10 сарын 16-ны өдөр 61,3 сая ам.долларын зээл авсан бол зээлийн нийт төлөлт болох 296,5 тэрбум төгрөгийн нэхэмжлэлтэйгээр чанаргүй зээлийн толгой цохиж байна.

“Хөтөл” ХХК нь Хөтөлийн цемент шохой компанийн үйл ажиллагааг өргөтгөх менежментийн хувьчлал нэрээр Хөгжлийн банкнаас тус зээлийг авах үед компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байсан Р.Мөнхтуул 30 хувь, Д.Мишиг 20 хувь, Г.Энхбаяр 50 хувийг тус тус эзэмшиж байв.
..........................................................................................................................................
Тэгвэл дээрх томоохон зээлдэгчид болох “Хөтөл” ХХК, “Кью Эс Си” ХХК-ууд Д.Эрдэнэбилэг болон түүний хувьцаа эзэмшдэг Худалдаа Хөгжлийн банктай нэгдмэл сонирхолтой болохыг хууль хяналтын байгууллага тогтоогоод байна.

Түүгээр ч зогсохгүй “Хөтөл” ХХК, “Кью Эс Си” ХХК-ууд нь Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан зээлээр Худалдаа Хөгжлийн банк, Улаанбаатар хотын банк дахь зээлүүдээ төлж зориулалтын бусаар зарцуулсан, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс төрд их хэмжээний буюу 488 тэрбум төгрөгийн хохирол учруулсан болохыг мөн тогтоогоод байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш