Ургамал газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэнгийн дэргэдэх гарааны "Био-Ундрага" ХХК-ийн гурав дахь бүтээгдэхүүн болох “Дархан Гумат” органик бордооны үйлдвэрийн шугамын нээлт боллоо.
Нээлтийн арга хэмжээнд “Био-Ундарга” ХХ-ийн гүйцэтгэх захирал Б.Цэрэнчимэд, УГТХ-гийн дэд захирал Б.Баатарцол, Дархан сумын засаг дарга Т.Тулгаа, “Монгол ногоо” төслийн зохицуулагч, Монгол Улсын гавьяат агорномич Т.Төрмандах, “Элит үр” ХХК-ийн захирал, улсын начин С.Нямжав, ШХА-ийн дарга Стефани Бурри, хөрөнгө оруулагч нарын зэрэг эрхмүүд оролцов.
Зохиогчийн эрхийн гэрчилгээгээр баталгаажсан тус бүтээгдэхүүнийг бүрэн хүчин чадлаараа үйлдвэрлэвэл өдөрт 4-8 тн, сард дээд тал нь 240 тн бордоо хэрэглэгчдэд хүрэх боломжтой аж.
Тус органик бордоо нь хүрэн нүүрсний уурхайн хагас боловсорсон органик бодисын хуримтлалын үлдэцээс тусгай технологиор гарган авсан үрийн соёололт, ургамлын өсөлт хөгжилтийг дэмжих, ган, хүйтэн, өвчин хортон тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх амин хүчил, ауксин, органик болон макро, микро эрдэс элементээр баяжуулж өгчээ.
Швейцарийн хөгжлийн агентлагийн 80 хувийн санхүүжилтээр "Дархан Гумат" органик бордооны үйлдвэрийн шугамыг хийж гүйцэтгэсэн байна.