logo
Нэр бүхий 35 хувьцаат компани ногдол ашиг олгохоор шийдвэрлэжээ

Нэр бүхий 35 хувьцаат компани ногдол ашиг олгохоор шийдвэрлэжээ

2022/03/01

Компанийн тухай хуулийн 46.5-д хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэж, энэ тухай Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэхээр хуульчлагдсан.  

Хуульд заасан хугацаа дуусгавар болсон буюу 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 88 хувьцаат компаниас ногдол ашиг хуваарилах эсэх талаар шийдвэрийг ирүүлснээс нэр бүхий 35 хувьцаат компани 150.8 тэрбум төгрөгийн ногдол ашгийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар 135,631 хувьцаа эзэмшигчдэд хуваарилах мэдэгдлээ Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлж, олон нийтэд мэдээлсэн байна. 

2019 онд 112.1 тэрбум, 2020 онд 132.7 тэрбум, 2021 онд 110.5 тэрбум төгрөгийн ногдол ашгийг тус тус хуваарилахаар шийдвэрлэсэн бол 2022 онд 150.8 тэрбум төгрөг болон өссөн байна.

Өнгөрсөн онд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өмнөх оноос 97.5 хувиар өсөж 5.9 их наяд төгрөгт, хувьцааны хөрвөх чадвар 3.3 нэгжээр өсөж 5.1 хувьд, харин хоёрдогч зах зээлийн арилжааны хөрвөх чадвар 3.8 хувьд, ТОП-20 индекс өмнөх оноос 25,125.80 нэгжээр буюу 130.3 хувиар  өсөж 44,411.60 нэгжид хүрснээр сүүлийн 30 жилийн түүхэндээ хамгийн дээд түвшинд хүрсэн. 

Үнэт цаасны зах зээлд шударга, үр ашигтай, өрсөлдөөн бүхий, ил тод байдлыг хэвшүүлэхэд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх бүрэн эрхийнхээ хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 28 дугаар “Ногдол ашиг тараах ажиллагааг нарийвчлан тогтоох тухай” тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг хувьцаат компаниудад үүрэг болгосон гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш