ЮНЕСКО Торгоны зам хөтөлбөр болон Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөрийнхөө хүрээнд Торгоны замын баялаг түүх, өв уламжлалыг таниулан сурталчлах зорилгоор ЮНЕСКО-ийн Хятадын үндэсний комиссын дэмжлэгтэйгээр "Залуу судлаачдад зориулсан Торгоны замын судалгааны тэтгэлэг"-ийн сонгон шалгаруулалтыг хоёр дахь жилдээ зарлаад байна. Энэхүү тэтгэлэгт 35-аас доош насны залуу судлаачид хамрагдах боломжтой.
Тэтгэлэг горилогчид нь нийгмийн эв нэгдэл, бүтээлч байдал, соёл хоорондын яриа хэлэлцээр, бүс нутгийн ба олон улсын хамтын ажиллагаа болон энх тайван, тогтвортой хөгжлийг бий болгоход Торгоны зам, түүний дагуух нийтлэг өв уламжлал, олон төрөл зүйлийн ач холбогдлын талаар судлах судалгааны ажлын санал боловсруулан ирүүлэх шаардлагатай.
Судалгааны ажил нь аливаа нэг бүс нутаг эсвэл он цагаар хязгаарлагдаагүй олон талт, олон хэмжээст шинжтэй байх ёстой бөгөөд Торгоны замтай холбоотой нэг эсвэл хэд, хэдэн сэдвийг (шинжлэх ухаан, технологи, уламжлалт ноу-хау, шашин, хэл, уран зохиол, уламжлалт спорт, тоглоом наадгай, урлаг, дуу хөгжим гэх мэт) хамарсан байна.
Энэхүү судалгааны тэтгэлгийн хүрээнд нийт 12 залуу судлаачийг сонгон шалгаруулж тус бүр 10,000 ам.долларын тэтгэлэг олгоно.
Сонгон шалгаруулалтад оролцохын тулд өргөдлийн маягтыг ЮНЕСКО-ийн цахим хуудаснаас татан авч англи хэл дээр бөглөн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор silkroadsgrant@unesco.org цахим шуудангийн хаягаар илгээх шаардлагатай.
ЮНЕСКО-ийн Залуу судлаачдад зориулсан Торгоны замын судалгааны тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон өргөдлийн маягтыг дараах холбоосоор нэвтэрч авна уу.
https://en.unesco.org/silkroad/youthgrant
ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс