Гадаад харилцааны яамны 3 үйлчилгээ цахимжиж, “e-mongolia” системд орлоо. Тодруулбал,
- Гадаад харилцааны яаманд өргөдөл, гомдол илгээх
- Хилийн чанадад буй иргэдийн бүртгэл
- Апостиль гэрчилгээ олгох гэсэн гурван үйлчилгээ цахимжлаа.
Ингэснээр тус яамны нийт долоон үйлчилгээ “e-mongolia” системд нэгтгэгдээд байна. Тус үйлчилгээг авахын тулд www.e-mongolia.mn системд өөрийн бүртгэлээ нэвтрэн орж, хайлтын хэсэгт авах гэж буй үйлчилгээний нэрийг оруулан хайлт хийхэд тус үйлчилгээ нь харагдах болно.
Гадаад харилцааны яамны цахимжсан 7 үйлчилгээ:
- Апостиль гэрчилгээ авах хүсэлт
- Архивын лавлагаа /ажилд томилсон, чөлөөлсөн, сургалт, чөлөө гэх мэт/
- Архивын сан хөмрөгт баримт байхгүй тодорхойлолт
- ГХЯ-д ажиллаж байсан Цалингийн тодорхойлолт авах /7 хүртэлх жил/
- ГХЯ-д өргөдөл, гомдол гаргах
- Гэрээ хэлэлцээрийн хуулбар авах
- Хилийн чанадад буй иргэдийн бүртгэл
2022 онд Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол” академийн гадаад буй монгол иргэд, монгол буй гадаад иргэдийн мэдээллийг цахимжуулж “e-mongolia” системд нэвтрэн орж, төрийн үйлчилгээг цахимаар авахаар боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-mongolia”-д өнөөдрийн байдлаар төрийн 60 байгууллагын 639 үйлчилгээг цахимжиж, нэгтгэгдээд байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар иргэд давхардсан тоогоор 9.5 сая гаруй төрийн үйлчилгээг цахимаар авсан байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.