logo
У.Хүрэлсүх: Эмэгтэйчүүд, эхчүүдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн асуудалд тууштай анхаарах ёстой

У.Хүрэлсүх: Эмэгтэйчүүд, эхчүүдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн асуудалд тууштай анхаарах ёстой

2022/03/09

Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан “Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн ёслол Төрийн ордонд боллоо. Алдарт эхийн одонт ээжүүдийн холбоо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, эмэгтэйчүүдэд талархал илэрхийлэн, баяр хүргэж үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.


Эрхэм хүндэт элбэрэлт сайхан ээжүүд, эрхэмсэг гоо Монголын сайхан бүсгүйчүүд Та бүхэндээ Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхны дээдийг хүсэн ерөөе.

Дэлхий дахинаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх санаачилгыг 1910 онд Германы эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Клара Цеткин гаргаж, түүний үзэл санааг дэлхийн олон улс орон сайшаан дэмжсэнээр 1974 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагаас албан ёсоор тэмдэглэж байхаар тогтсон түүхтэй.

Монголчууд бид эрт дээр үеэс эмэгтэйчүүдээ эрхэмлэн хайрлаж, эхчүүдээ дээдлэн хүндэлж, гэрийн хэргээс төрийн хэрэг хүртэл үг сургаалыг нь сонсож, үйл хэргийг нь алдаршуулж ирсэн сайхан уламжлалтай билээ.

Аугаа хүчирхэг ард түмнийхээ их түүхийг бүтээлцэж, туурга тусгаар эх орныхоо гал голомтыг тууштай сахин хамгаалж, түүхэнд мөнхөрсөн ухаан хурц, дайчин цовоо бүсгүйчүүдээрээ бид бахархдаг.

Эвийн хүчийг илэрхийлсэн таван сумны сургаалаар домог болон мөнхөрсөн Алунгоо эх, тэсэшгүй бэрхийн дундаас дэлхийн талыг эзэгнэн  боссон Их эзэн Чингис хааныг төрүүлж өсгөсөн Өүлэн эх, эвийг зангидаж, төрийг түшилцсэн Бөртэ үжин, Их хаадын эх болсон Сорхугтани бэхи, төрөө төвшитгөж, түмнээ нэгтгэсэн сэцэн Мандухай, үзэл бодол, үйл хэргээрээ түмнээ түүчээлж, шинэ үеийн хөгжил, дэвшлийн эхлэлийг тавилцсан С.Удвал, Э.Оюун гээд түүхэнд мөнхөрсөн олон сайхан ээжийнхээ хатан ухаан, зориг тэвчээр, баатарлаг үйл хэргийг бид үеийн үедээ мартах учиргүй.

Эхчүүдээ дээдлэн, эмэгтэйчүүдээ хүндэтгэж ирсэн түүхэн уламжлалаа бэхжүүлэн Ази тивээс анх удаа Монгол Улс 1924 оны Үндсэн хуулиараа эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд эрх тэгш хэмээн хуульчлан тогтоож, эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох улс төрийн эрх чөлөөг хангасан билээ.

Улмаар эмэгтэйчүүдийн анхны байгууллага  болох “Бүсгүйчүүдийг боловсруулах тасаг” байгуулж, даргаар нь Монголын шинэ цагийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн гэргий Дамдины Пагмадуламыг томилж байлаа.

Ази тивийн эмэгтэйчүүдийн ууган байгууллагыг ийнхүү Монголын эрдэм төгс, ухаан хурц, сайхан бүсгүйчүүд маань байгуулсан түүхтэй!

Өрх гэрийн амьдралд, үр хүүхдүүдийн хүмүүжилд, улс орны хөгжил дэвшилд эмэгтэйчүүдийн үүрэг асар их. “Айлд нөхрийн нэрээр орж эхнэрийн нэрээр гардаг” гэж манай ард түмэн ярьдаг. Энэ үгнээс айл гэрийн амьдралд үзүүлдэг эмэгтэй хүний нөлөө, байр суурь тов тодорхой харагдаж байна.

Энхрий үрсээ энгэрээсээ ундаалж, элэг зүрхээрээ энэрэн хайрладаг шигээ хатуу бүхнийг аргадан зөөллөж, хосгүй сайхан сэтгэлээр бусдын төлөө зүтгэдэг, халамж хайрын дээд, хайрын бурхан болсон бүсгүйчүүд Та бүхэндээ эрчүүд бид үргэлж талархаж явдаг билээ.

Хэцүү бэрхийн өмнө унаж босож, уруудаж өгсөж явахад эрчүүд биднийг хажуу дэргэдээс минь түшдэг ханийн сэтгэл, эхийн хайр шиг аугаа зүйл энэ хорвоод үгүй билээ.

Ийм л аугаа амьд бурхад учраас бүсгүйчүүд Та бүхнээ “Монголын үзэсгэлэнт сарангоо, намайг төрүүлсэн ижий” хэмээн манай ард түмэн найраг шүлэгтээ магтан дуулдаг юм.

Улс үндэстний хөгжил цэцэглэлт, гэр бүлийн сайн сайхан бүхэн эхчүүд,  эмэгтэйчүүдийн хүчин зүтгэл дор оршдог. Тиймээс аливаа улс орны хөгжил дэвшлийг эмэгтэйчүүдийн эрхийг хэрхэн хангасан байдлаар нь үнэлдэг жишиг дэлхий нийтэд тогтоод удаж байна.

Эмэгтэйчүүдийн эрх гэдэг бол хүний эрх, хүний эрхийг тэгш эдлэх боломжийн тухай ойлголт юм.

Эмэгтэй, эрэгтэй хэн ч байсан, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас ангид байж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, сурч боловсрон, өмч хөрөнгө эзэмшиж, сонгож, сонгогдож, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх ёстой.

“Эмэгтэй хүн ойлгогдох гэж биш хайрлагдах гэж энэ хорвоод төрдөг. Зовох гэж биш жаргах гэж энэ хорвоод ирдэг” гэж сайхан үг байдаг.

Энэ ч утгаараа айл өрх бүрийн амьдрал, аз жаргал эрчүүд биднээс ихээхэн шалтгаална.

“Эр амгалан бол гэр амгалан” гэж үг бий.

Эрчүүд бид гэр бүл, эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагадаа эзэн байж, эх хүн, эмэгтэй хүн, охин үрээ хайрлан дээдэлж, халамжлан асрах учиртай.

Энэ бол монгол эр хүний ёс жудаг, нэр төрийн хэрэг юм.

Манай улсын боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн үйлчилгээний  салбарын гол ачааллыг эмэгтэйчүүд, ээжүүд маань үүрч байдаг.

Тиймээс энэ жил Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхлээд байна.

Түүнчлэн эх, нялхсын эрүүл мэндийг онцгойлон анхаарч, “Эрүүл эх, нялхас” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, төрөх эмнэлгүүдийн орчин нөхцөлийг сайжруулж, дэлхийн түвшинд хүргэх шаардлагатай байна.

Мөн хүн амаа өсгөх бодлогыг тууштай баримталж, олон хүүхэдтэй гэр бүлийг төрийн бодлогоор дэмжих явдал чухал байна. Төр засаг нь эмэгтэйчүүдээ сонсдог, дэмждэг, түмэн олон нь эмэгтэйчүүдээ хайрладаг, хүндэлдэг улс орон хөгжин дэвждэг жамтай.

Тиймээс эх орны ирээдүй, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үйл хэрэгт хамгийн чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн эмэгтэйчүүд, эхчүүдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн асуудалд тууштай анхаарах ёстой.

Үр хүүхдээ эрдэм боловсролтой, эрүүл саруул иргэн болгон өсгөн хүмүүжүүлсэн монгол эхийн хөдөлмөр зүтгэлийн үр шимийг нэгэн гэр бүл, ураг төрөл төдийгүй улс орон хүртэл хүртэж байдаг.

Эмэгтэйчүүдийн асуудал гэдэг бол зөвхөн эмэгтэйчүүдийнх биш, улс үндэстний, цаашлаад хүн төрөлхтний асуудал билээ.

Эрүүл саруул, мэдлэг боловсролтой, ёс зүйтэй, эх орноо гэсэн сэтгэлтэй, иргэд Монгол Улсын ирээдүйг цогцлоох эрч хүч билээ.

Тиймээс ачтай буянтай ээжүүд Та бүхний халуун сэтгэл, дулаан гар дээр эх орны маань ирээдүй хойч үе, үр хүүхдүүд маань өсөж өндийж байна.

Өнөөдөр бол Монголчууд бидний хэлж заншсанаар “Эмэгтэйчүүдийн баяр-Мартын 8”.

Үр хүүхэд нь ээжийгээ, хань нөхөр нь халамжит гэргийгээ, хайртай залуу нь сэтгэлт бүсгүйгээ баярлуулахаар догдлон байдаг хайр талархлын өдөр юм.

Энэ сайхан өдөр Монгол төрийн гал голомт, Төрийн ордондоо Монголын сайхан ээжүүдийн төлөөлөл болсон Та бүхэн маань хуран цуглаж байгаад би туйлын ихээр бэлгэшээж байна.

Амьдралыг эх хүн үүсгэж, эх орон ижий танаас эхэлдэг болохоор энэ сайхан баярын өдөр амьдралын эх болсон ачлалт буянт ээжүүд Та бүхэндээ  нийт ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж, мэхийн ёслоё.

Нарт ертөнцөд амар амгалан, аз жаргал авчирдаг орчлонгийн сайхан ээжүүд, эмэгтэйчүүд Та бүхний өргөө гэр инээд баяслаар цалгиж, үр хүүхдүүд нь дүүрэн жаргалтай, өнөр бүлээрээ энх тунх, үе удмаараа жаргаж байхын өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.

Эх оронд минь ээжийн бүүвэйн дуу үргэлж цангинаж, элбэрэлт сайхан ээжүүд минь аз жаргал, амар амгалангаар бялхаж байх болтугай!

Монголын сайхан эмэгтэйчүүдийн яруу алдар бадартугай!

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш