logo
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

2022/03/10

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны гуравдугаар сарын 9-ний өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрэлээ. Үүнд:

·      Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

·      “Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан хөгжлийн төслүүдээс эх үүсвэр нь бүрэн шийдэгдээгүй байгаа төслүүдийг хэрхэн санхүүжүүлэх схемийг энэ оны дөрөвдүгээр сарын 6-ны дотор боловсруулахыг даалгав.

·      Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, чанартай тусламж үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй үзүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, тухайн байгууллагын үйл ажиллагааг  дэмжих зориулалт бүхий хөрөнгө оруулалт болон нийт ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх зардлыг урсгал төсвөөс санхүүжүүлэх эрхийг эрүүл мэндийн байгууллагуудын төсвийн шууд захирагч нарт олгох асуудлыг шийдвэрлэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарт үүрэг болголоо.

·      Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, худалдааны газар байгуулахтай холбогдуулан Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д холбогдох нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

·      Хөдөө аж ахуйг дэмжих сангийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтын дүн, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Тус сангийн хугацаандаа төлөгдөөгүй өр, авлага, үүсгэсэн гэрээ, хэлцэл, шийдвэрүүдийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулж, сангийн өр авлагыг бууруулах чиглэлээр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгалаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш