Рублийн ханштай холбоотой холбоотой асуудлаар Монголбанкнаас гаргасан мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
-Украинд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор рублийн ханш тасралтгүй унаж байна. Монголд рублийн ханш сүүлийн өдрүүдэд тогтворжсон нь ямар шалтгаантай вэ?
Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах ханш нь тайлант өдөрт зах зээлд хийгдсэн ам.долларын арилжааны жигнэсэн дундаж ханш юм. Дотоодын зах зээлд ам.доллараас бусад валютын арилжааны идэвх бага байдаг тул бусад валютын ханшийг зарлахдаа төгрөгийн ам.доллартай харьцах ханшийг олон улсын зах зээл дэх ам.долларын бусад валюттай харьцах ханш буюу кросс ханшаар үржүүлж тооцдог.
Өөрөөр хэлбэл төгрөгийн рубльтэй харьцах ханшийн хөдөлгөөн нь дотоодын валютын зах зээл дээрх төгрөг ам.долларын ханшийн хөдөлгөөн болон олон улсын зах зээл дээрх рубль ам.долларын ханшийн хөдөлгөөнөөс давхар хамаардаг гэсэн үг. Ингэснээр дотоодын зах зээлд зарлагдаж буй ханш олон улсын зах зээл дэх ханшнаас ялгаатай тогтохгүй байх боломж бүрддэг юм. ОХУ-д олон улсаас хэрэгжүүлж буй хориг арга хэмжээнээс шалтгаалан рублийн ам.доллартай харьцах ханш оны эхнээс 3 дугаар сарын 4-ны өдрийн байдлаар 37.9 хувиар сулраад байна.
- Рублийн ханшийн уналт манайд хэр нөлөөтэй вэ. Манай рублийн нөөц ямар хэмжээнд байгаа вэ. $3 тэрбумыг аваад хилээр гаргасан гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр яваад байгаа. Тийм нөөц боломжтой юу?
Рублиэр хийдэг гадаад гүйлгээ нь нийт гадаад гүйлгээний мөнгөн урсгалын 8-9% буюу харьцангуй бага хувийг эзэлдэг. Иймд рублийн ханшийн дотоодын зах зээлд үзүүлэх нөлөө харьцангуй бага юм. Олон нийтийн сүлжээнд Монгол улсаас их хэмжээний валют аваад хилээр гарсан эсэх асуудлыг холбогдох хууль хяналтын байгууллагууд шалгах бөгөөд одоогоор ийм их хэмжээний валют гарсан тухай мэдээлэл Монголбанкинд ирээгүй байна. Иймд мэдээллийн эх сурвалжаа сайтар нягтлан, мэдээлэлд шүүлтүүртэй хандах нь зүйтэй.
-Манайд рубль зарахад хязгаарлалт тавихгүй бол нөөц шавхагдах эрсдэл байгаа юу?
Төв банкуудын хувьд гадаад валютын нөөцөө чөлөөтэй хөрвөх шинж чанартай, нөөцийн валютаар бүрдүүлдэг. Тодруулбал, АНУ-ын доллар, евро, Японы иен, Английн фунт, БНХАУ-ын юань зэрэг валютаар гадаад валютын нөөцийг бүрдүүлэх нь түгээмэл байдаг. Энэ жишгийн дагуу Монголбанкны хувьд рублиэр гадаад валютын нөөцөө бүрдүүлдэггүй. ОХУ-д үүссэн нөхцөл байдлаас үүдэн рублийн бусад валютад чөлөөтэй хөрвөх чадвар муудаж байгаа энэ үед дээр дурдсан чөлөөтэй хөрвөх валютын нөөцийн валютын эрэлт ОХУ-д өсөж байгаа тул ОХУ-тай хийх төлбөр тооцоонд бэлэн рублийн нөөцөөс шалтгаалсан хүндрэл гарахгүй гэж ойлгож болно.
-ОХУ, Украины нөхцөл байдалтай холбоотой манай мөнгөний захад ямар өөрчлөлт, нөлөө үүсэж байна вэ?
Дээр дурдсанчилан Монгол Улс ба ОХУ хооронд рублиэр хийгдэж буй гүйлгээний хэмжээ харьцангуй бага байдаг тул зах зээлд үзүүлэх нөлөө бага байна гэж харж байна. Зөвхөн Монгол улс төдийгүй ОХУ-аас нефтийн болон бусад бүтээгдэхүүн импортоор авдаг улс орнуудын өмнө гадаад худалдааны төлбөр тооцоогоо хэрхэн хийх вэ гэдэг асуудал тулгамдаж байна. ОХУ-д тавих хориг арга хэмжээнээс шалтгаалан ОХУ-аас бүтээгдэхүүн импортлодог улс орнууд хохирох магадлалтай тул эдгээр улс орнуудад хохирол багатайгаар гадаад худалдааны төлбөр тооцоогоо хийх шийдлийг бүх талууд эрэлхийлж байна. Монгол Улсын хувьд ОХУ руу хийх төлбөр тооцоо удааширсан боловч бүрэн зогссон зүйл одоогоор байхгүй.
-Ам.долларын ханш сүүлийн өдрүүдэд нэмэгдэж, 3 000 төгрөгт ойртоод байна. Цаашид ханшийн эрсдэлийг хэрхэн сааруулах вэ. Манай нөөц энэ үеийн эрсдэлийг даах боломжтой юу?
Олон улсад үүсээд буй тодорхой бус байдлаас шалтгаалан иргэдийн дунд төгрөгийн ам.доллартай харьцах ханш сулрах нь гэсэн болгоомжлол үүсч байна. Үүсээд буй нөхцөл байдлыг Монголбанк түр зуурын шинжтэй гэж харж байгаа бөгөөд төгрөгийн ханш огцом сулрахаас сэргийлэх зорилгоор Монголбанкнаас долоо хоногт 2 удаа гадаад валютын дуудлага худалдаа, валют арилжааны цахим талбараар банкуудад гадаад валют тогтмол нийлүүлэн ажиллаж байна.
Төв банкны гадаад валютын интервенцийн хэмжээ өмнөх жилүүдээс илүү эрчимжсэн бөгөөд энэ нь тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдал, гадаад төлбөр тооцоонд хангалттай хүрэлцэхээр байна.
Хэдийгээр Монголбанкнаас нийлүүлж буй гадаад валютын хэмжээ нэмэгдэж байгаа ч Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2022 оны 1 дүгээр сарын эцсийн байдлаар 3945 сая ам.доллар буюу 7.0 сарын импортын барааны хэрэгцээг хангах түвшинд буюу ОУ жишиг түвшнээс өндөр байна.