logo
“Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт чуулга уулзалт боллоо

“Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт чуулга уулзалт боллоо

2022/03/14

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан БНӨСУ-д НҮБ-ын энхийг сахиулах UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй мотобуудлагын батальоноос секторын эмэгтэй цэргийн алба хаагчидтай “Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт чуулга уулзалтыг зохион байгуулж явууллаа.

Чуулга уулзалтад секторын штабаас хоёр, Гана Улсын мотобуудлагын батальоноос гурав, Камбож Улсын Цэргийн цагдаагийн ротоос гурав, секторын цэргийн ажиглагч офицер гурав, Вьетнам Улсын хоёрдугаар шатлалын эмнэлгээс гурав, нийт 14 цэргийн алба хаагч болон Монгол Улсын мотобуудлагын батальоноос 41 эмэгтэй цэргийн алба хаагчид оролцлоо.

Энэхүү уулзалтыг нээж мотобуудлагын батальоны захирагч хурандаа О.Заяат үг хэлсэн бөгөөд тэрбээр Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулах ажиллагааны оролцоо, тэр дундаа тус батальоны эмэгтэй цэргийн алба хаагчдын үүрэг, оролцоо, эмэгтэйчүүдийн зөвлөлийн үйл ажиллагааны талаар дурдаж төгсгөлд нь нийт бүрэлдэхүүний чуулга уулзалтад амжилт хүссэн юм. Мөн тэрбээр чуулга уулзалтад оролцогч Та бүхэн харилцан ярилцаж, ажлын туршлагаа солилцон, нягт холбоотой ажиллахыг уриалсны зэрэгцээ тэдэнд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэсэн юм.

Хөтөлбөрийн дагуу тус чуулгын үеэр Ажиллагааны удирдлагын тасгийн дарга дэд хурандаа Н.Гэрэлбадрах Монгол Улсын Зэвсэгт хүчин болон мотобуудлагын батальоны энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа онцлог болон батальоны эмэгтэй цэргийн алба хаагчдаас бүрдсэн салааны үүрэг гүйцэтгэлтийн талаар танилцууллаа.

Мотобуудлагын батальоны эмэгтэй цэргийн алба хаагчдыг төлөөлөн 1 дүгээр мотобуудлагын ротын буудагч дэд ахлагч А.Эрдэнэчимэг “Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр илтгэл тавьж, нийт эмэгтэй цэргийн алба хаагчдынхаа үүрэг гүйцэтгэлтэд амжилт хүслээ.

Энэ үеэр гадаадын орнуудын цэргийн алба хаагчдыг төлөөлж секторын штабын иргэн-цэргийн харилцааны офицер хошууч Нана “Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр илтгэл тавьсан бол бусад цэргийн алба хаагчид өөрсдийн орны эмэгтэй цэргийн алба хаагчдын үүрэг гүйцэтгэлтийн онцлогоос харилцан ярилцаж хамтран чууллаа.

Чуулга уулзалтын төгсгөлд мотобуудлагын батальоны ардын авьяастнуудын урлагийн хэсэгчилсэн тоглолтыг үзүүлсэн ба мотобуудлагын батальоны эмэгтэй цэргийн алба хаагчдаас гардан тулааны үзүүлэх тоглолтыг сонирхууллаа гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш