Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд орон сууцны барилга байгууламжид гамшгаас хамгалах болон галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгууллаа.
Хяналт шалгалтад 1200 орон сууцны барилга байгууламжийг хамруулж, галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, дүрэм зөрчсөн 4196 зөрчил дутагдлыг илрүүлсэн байна.
Газар дээр нь 815 зөрчил буюу 18.6 хувийг нь арилгуулан, бусад зөрчлүүдийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх 188 албан шаардлага, 428 мэдэгдэл, 17 танилцуулга, 1 дүгнэлтийг бичиж, аймаг, нийслэлийн орон сууц, нийтийн аж ахуйн контор, холбогдох СӨХ-д хүргүүлэн хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллалаа.
Барилга байгууламж, гэр хорооллыг гал түймэр унтраах автомашин чөлөөтэй хүрэлцэн очих зам, байрлах тусгайлсан талбай, гал түймэр унтраах үед ашиглах усан хангамжтай байхаар төлөвлөнө гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй, аж, ахуй нэгж, байгууллага өөрийн эзэмшлийн талбайн 50м дотор гидрант төлөвлөгдөөгүй, төлөвлөгдсөн боловч ашиглалтын шаардлага хангаагүй, барилга байгууламжид байх зөөврийн гар гал унтраагуурыг норм дүрмийн дагуу байрлуулаагүй.
Цахилгаан дамжуулах утас гэмтэлгүй, холболтуудыг зориулалтын лентээр ороох, разетка, унтраалга хөдөлгөөнгүй газар бэхлэгдэх, хоёр өөр төрлийн цахилгааны кабель утсыг холбож хэрэглэхгүй байх, цахилгааны утас газраар ил татахдаа монтажны утасны их биеийг механик гэмтлээс хамгаалсан хамгаалалтын бүрхүүл хийх, цахилгаан тоног төхөөрөмжүүдийн галын аюулгүй байдлын шаардлага бүрэн хангуулаагүй зэрэг зөрчлүүд нийтлэг илэрсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.