Нийслэлийн удирдлагуудын иргэдтэй хийх уулзалт үргэлжилж байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд өнөөдөр НЗДТГ-ын Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт иргэдтэй уулзлаа.
Уулзалтад УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Ц.Нямцэвээн, Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн даргын албан үүрэг гүйцэтгэгч Б.Мөнх-Эрдэнэ, Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат тэргүүтэй холбогдох албаныхан оролцсон юм.
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын Дунд даваа орчимд нутаглаж буй 100 орчим өрхийн төлөөлөл Ерөнхий менежер Д.Ганболдтой уулзаж, өнөө хэр гэрэл цахилгаанд холбогдоогүйгээс амьдралын наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрсэн тухайгаа өгүүлсэн юм. Хүсэлт гаргасан иргэн Д.Нарантуул л гэхэд Дунд даваанд 15 жил амьдарч байгаа аж. Гэрэл цахилгаангүйгээс хүүхдүүд цахим хичээлдээ хамрагдаж чадахгүй, хоцрогдолд орсныг уулзалтын үеэр хэлсэн юм. Тэд гэрэл цахилгаантай болгохын сацуу газраа өмчлөх боломж олгож өгөхийг давхар хүссэн. Тэдний хүсэлтийг сонссоны дараа Ерөнхий менежер Д.Ганболд “Газраа эзэмшиж, өмчлөх эрхтэй өрхүүдийг гэрэл цахилгаанаар хангахгүй энэ олон жил хүлээлгэх учиргүй. Газрын зөвшөөрлөө аваагүйгээс ийм асуудал тулгарсан байх магадлалтай. Тиймээс би ойрын өдрүүдэд Дунд даваа руу очиж, газар дээр нь ажиллана. Магадгүй Богдхан уулын экологийн коридорт багтсан байх магадлалтай. Байгаль экологийн асуудал бол маш нарийн. Тиймээс нөхцөл байдлыг газар дээр нь үзэж, цаашдын гарц гаргалгааг зөвлөлдье” гэсэн хариу өглөө.
Баянзүрх дүүргийн долдугаар хорооны II байрны “Мандах нар” СӨХ-ны дарга С.Алтантүлхүүр Улаанбаатар хотын Ерөнхий менежертэй уулзаж, байрандаа дулаалгын болон гадна фасадын засвар хийх хөрөнгийг шийдэж өгөх хүсэлт тавилаа. Тус байр нь 1988 онд ашиглалтад орсон, олон жил засвар үйлчилгээ хийгдээгүйгээс цууралт, ан цав үүсэж, өвөлдөө дулаан алдагдалтай болсноос байрны оршин суугчид, тэр дундаа хүүхэд, хөгшид зутарч байгааг дуулгалаа.
Ерөнхий менежер СӨХ-ны даргын хүсэлтийг сонсоод “Орон нутгийн төсвөөс гадна гадаадын хөрөнгө оруулалт, төслийн хүрээнд Улаанбаатар хотын орон сууцны гадна фасадыг шинэчлэх ажил өрнөж байгаа. Энэ жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд танай байрын засвар, шинэчлэл орсон эсэхийг нягтлаад хариу өгье” гэв.
Нийслэлийн хэмжээнд 1965-2000 онд баригдсан хэдий ч орон сууцны зориулалтаар ашиглаж болох 1077 угсармал орон сууц бүртгэлтэй байдаг бөгөөд тэдгээрт техникийн шинэчлэлийг үе шаттайгаар хийх юм. 2020 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 73 блок барилгад 11.9 тэрбум төгрөгийн, 2021 онд 53 блок барилгад 12.8 тэрбум төгрөгийн гадна фасадын засвар, дулаалгын ажил хийжээ.
Нийслэлийн удирдлагууд цаашид долоо хоног бүр ээлжлэн иргэдтэй уулзах юм. Нийслэлийн Засаг даргын орлогч болон Ерөнхий архитектор, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга нарын иргэдтэй уулзах хуваарийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар баталсан бөгөөд уулзалт хуваарийн дагуу үргэлжилнэ.