Баянзүрх дүүргийн I хорооны нутаг дэвсгэр РЦНК төвийн баруун урд байрлах зам, талбайд “Эдд энд Эдд констракшн” ХХК зөвшөөрөлгүйгээр стандартын бус хашаа татжээ. Иймээс Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, тус хашааг өнөөдөр буулгалаа.
Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Д.Бат-Өлзий “Өмнө нь тухайн газар “Эс энд Ви Юү” ХХК-ийн эзэмшилд байсан. Өдгөө “Эдд энд Эдд констракшн” ХХК-ийн нэр дээр байгаа. Барилга барих болон хашааны стандартын талаар НИТХ-аас баталсан журам байдаг. Тус журмын дагуу түр хашааг зөвхөн барилга барих үед хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган татах ёстой. Гэтэл энэ компанид барилга барих зураг төсөл батлагдаагүй гэдгийг Хот байгуулалт, хөгжлийн газраас мэдэгдсэн” гэлээ.
Мөн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Ц.Отгонбямба:
-Хашаа барьсан даруйд иргэдээс маш их гомдол ирсэн. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын хашааг албадан буулгах захирамж гарсан. Өнөөдөр захирамжийн дагуу хашааг буулгаж байна. Албадан буулгахаас өмнө компанийн удирдлагуудтай уулзан, мэдээлэл өгсөн. Мөн Газрын тухай хуулийн дагуу шаардах хуудас хүргүүллээ. Газрын анхны зөвшөөрөл нь 2004 оных. Хэд хэдэн удаа эрх шилжсэн. Газрыг нийтийн эдэлбэр болгохоор эзэмших эрхийг цуцлах тухай тус компанид мэдэгдэл хүргүүлсэн хэмээв.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Батбаатар “Тухайн газар дээр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авч, барилгын ажлыг эхлэхээс өмнө хашаа барих үүрэгтэй. Гэтэл тус аж ахуйн нэгж барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, холбогдох бичиг баримтыг бүрдүүлэлгүй хашаа барьсан нь Барилгын тухай хуулийг зөрчиж байна” хэмээв.
Иргэд “РЦНК орчим өмнө нь цэцэрлэгт хүрээлэн байсан. Мод ихтэй, зам талбайтай, хүүхдүүд тоглох газартай байлаа. Одоо гэтэл барилгын талбай боллоо” хэмээж байв. Мөн барилга барих биш, ногоон байгууламж байдлаар тохижуулах хүсэлтэйгээ илэрхийлж байлаа.