logo
УИХ-ын даргын “Ёс зүйт төр” бүтээл уншигчдын гарт очлоо

УИХ-ын даргын “Ёс зүйт төр” бүтээл уншигчдын гарт очлоо

2011/12/21
УИХ-ын дарга, удирдахуйн ухааны доктор Д.Дэмбэрэлийн бичсэн “Ёс зүйт төр” номын нээлтийн ажиллагаа УИХ-ын “Парламентын номын сан”-д боллоо. “Төрийн албаны ёс зүйн уламжлал, шинэчлэл”, “Төрийн албаны ёс зүй, түүний гажуудал”, “Төрийн албаны ёс зүйг хэвшүүлэх арга зам” гэсэн үндсэн гурван бүлэгтэй энэхүү бүтээлдээ тэрбээр эрх мэдэл, албан тушаал хөөцөлдөхийн ёс суртахууны шинж төлөв, хүнд сурталжсан ёс зүй, албан хаагчийн хувийн болон нийтийн сонирхлын зөрчил, авлига, түүнийг ялах тэмцэл, удирдлагын ёс зүйг төлөвшүүлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслийн оролцоо, ёс зүйн кодекс, түүнийг хэрэгжүүлэх арга зам зэрэг асуудлыг авч үзсэн байна.  
        Нээлтийн ажиллагааны үеэр зохиогч номын дээжээсээ “Парламентын номын сан”-д бэлэглэсэн юм. Тэрбээр номынхоо талаар товч танилцуулга хийж хэлсэн үгэндээ, бодит байдал дээр төр ёс зүйтэй, хууль дээдэлдэг байж гэмээнэ ардчилсан төр болж чадна. Би энэхүү номондоо төрийн нийт албан хаагчийн ёс зүйг тусгахаасаа илүүтэй төрийн удирдах албан тушаалтан, түүний дотор улс төрийн албан тушаалтнуудын ёс зүйн байдлыг тусгайлан авч үзлээ. Түүнчлэн олон мянган жилийн баялаг өв сантай монгол төрийн удирдлага, түүний ёс зүйн түүхэн уламжлалыг цаг үе, нөхцөл байдлын өөрчлөлттэй нь уялдуулан өнгөрсөн 20 жилийн үйл явдалд тулгуурлаж бичсэн. Мөн хэвлэл мэдээллийн томоохон бүлэгт хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд төрийн удирдах хүмүүсийн дүр төрхийг хэрхэн тодорхойлж байгаа талаар тусгасан гэлээ.
       Зохиогч номондоо төрийн албанд тавигдах дэлхий нийтийн жишиг шаардлага, ёс зүйн үнэлэмж, зарчмууд, хэм хэмжээний асуудлыг өнөөгийн Монголын нийгмийн бодит хөрс, суурин дээр буулгаж, улмаар төрийн удирдах албан тушаалтан, албан хаагчдын ёс зүйн байдал, төлөвшил нь өнөө цагийн нийгмийн шаардлагын түвшинд хараахан хүрч амжаагүй, ардчилсан төрийн удирдах алба бүрэлдэж хөгжих эмзэг үедээ бойжиж байна гэсэн зарчмын ач холбогдолтой зоримог дүгнэлт хийжээ. Түүнчлэн Монгол төрийн алба өнөөдөр улс төрийн эрх мэдэлтнүүдийн, танил тал, нутаг усныхны, сонирхлын явцуу бүлэглэлүүд, түүний дотор хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн хүчтэй нөлөөлөлд орсныг ил тод гарган тавьж, цаашид төрийн албыг бэхжүүлэн чадваржуулахын тулд дээрх гажуудлаас ангижруулж, ёс зүйн хувьд эрүүлжүүлэх шаардлагатай гэдгийг онцлон хөндсөн нь бүтээлийн практик ач холбогдлыг үлэмж нэмэгдүүлж байна гэдгийг онцолжээ.
       Ийнхүү доктор Д.Дэмбэрэлийн эл ном төрийн удирдлагын өнөөгийн өнгө төрхийг тодорхойлж чадсан төдийгүй Монгол төрийн ёс зүйг шинэ нөхцөлд улам төгөлдөржүүлэн төлөвшүүлэх арга замын асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулж, тэдний сонирхлыг татсан бүтээл болсныг номын редактор тэмдэглэсэн байна.
       УИХ-ын дарга дараа нь номын нээлтэд оролцсон сэтгүүлчдэд бүтээлийн дээжээсээ гардуулав.
       УИХ-ын даргын шинэ бүтээл өнөөдрөөс уншигчдын хүртээл болж эхэлж байгаа бөгөөд номын нээлтийн ажиллагаанд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, УИХ-ын даргын зөвлөхүүд болон УИХ-ын Тамгын газрын хэлтэс, албадын дарга, ажилтнууд оролцлоо.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш