Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны гуравдугаар сарын 30-нд болж, цахилгаан авто машиныг цэнэглэх техникийн боломжийн талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцууллаа.
Монгол Улсын хэмжээнд 2022 оны байдлаар 1,2 сая машин байгаагаас Улаанбаатар хотод 662 мянга, орон нутагт 572 мянган автомашин байна. Үүнээс цахилгаан хөдөлгүүртэй 498 автомашин байгаагийн 434 нь Улаанбаатар хотод байна. 2018 оноос хойш 7-60 кВт цагийн хүчин чадалтай нийт цахилгаан автомашин цэнэглэх найман станц ажиллаж байна.
Манай улсад нэг кВт цаг эрчим хүчийг моторын багтаамжаас шалтаалж 350-1000 төгрөгөөр борлуулж байна. Ингэж цэнэглэсэн тохиолдолд 100 км-т 5850-16000 төгрөг зарцуулдаг тооцооллыг хийжээ.
“Нийт автомашины 20 хувийг цахилгаан автомашин болгоход манай улсад цэнэглэх боломж байна. Цахилгаан автомашины хэрэглээ нэмэгдэх нь агаарын бохирдлыг бууруулахаас гадна эдийн засгийн хэмнэлттэй гэж Эрчим хүчний сайд ярилаа.
Нэгдсэн Үндэстний байгууллагаас дэлхийн эрчим хүчний хомсдол, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудалд онцгой анхаарч буй. Америк болон Европын холбооны орнууд уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хий болон агаар орчны бохирдлыг бууруулах зорилгоор цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэхээр татварын хөнгөлөлт, татаас болон бусад мөнгөн урамшууллыг олгож байна.
Норвеги улсад 2025 онд, Англи, Дани, Нидерланд, Швед, Ирланд зэрэг улсад 2030 онд, Хятад, Японд улсад 2035 онд, Франц, Испани улсад 2040 онд авто тээврийн хэрэгслийг бүрэн цахилгаан машинд шилжүүлэхээр төлөвлөжээ.
2021 онд 6,7 сая цахилгаан автомашин борлуулагдсан нь 2020 оны борлуулалтаас хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт ажээ.