logo
Барилгын зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахимд шилжүүлнэ

Барилгын зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахимд шилжүүлнэ

2022/04/05

НЗДТГ-аас төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдыг авлига, ашиг сонирхлын зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Шударга ёсыг эрхэмлэе” нийслэлийн зөвлөгөөнийг 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр зохион байгууллаа. Зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас авлигын эсрэг хийж хэрэгжүүлж буй ажил, цахим шилжилтийн явцын талаар илтгэл тавилаа.

Тэрбээр “Барилгын зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахим хэлбэрт ирэх зургадугаар сарын 1-н гэхэд шилжүүлнэ. Бэлтгэл ажилд тодорхой цаг хугацаа шаардлагатай байгаа. Барилга эхлүүлэх зөвшөөрөл олгох, үргэлжлүүлэхтэй холбоотой 42 төрлийн үйлчилгээ бий. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээнүүдийг цахим хэлбэрт шилжүүлэн, үйлдвэр, үйлчилгээ, бизнес эрхлэхэд таатай орчин бүрдүүлэхээр зорьж байна” хэмээлээ.

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Цэнд-Аюуш шударга байдлын судалгааны үнэлгээгээр НЗДТГ 72 хувийн үнэлгээтэй гарсан гэдгийг тодотгов. Мөн нийслэл дэх төрийн бус байгууллага болон нийслэлийн төрийн захиргааны байгуулагатай хамтран, сургалт, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж байгааг хэлж байлаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш