Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Засаг даргын орлогч болон Ерөнхий архитектор, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга нарын иргэдтэй уулзах хуваарийг баталсан.
Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Оргил” салбарт иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудал, тавьсан саналыг сонслоо. Уулзалтад Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга М.Цогзолмаа, Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат нар оролцов.
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны иргэн С.Лхагвадулам нийслэлийн 84 дүгээр сургуулийн сурагчдын эцэг эхчүүдийг төлөөлж, тус сургуульд спорт заалны өргөтгөл бариулах хүсэлтээ уламжиллаа. 84 дүгээр сургууль нь 255 багш ажиллагсад, 5886 суралцагчтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Сургуулийн хоёр заалны хүчин чадал сурагчдыг хүлээж авахад хангалттай биш бөгөөд 2223 сурагч зориулалтын бус, урлагийн зааланд хичээллэж байна. Иймд спорт заалыг засаж тохижуулах, өргөтгөл барих шаардлагатай байгааг хэлж байлаа.
Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга М.Цогзолмаа 84 дүгээр сургуулийг хамгийн өндөр ачаалалтай сургуулийн нэг гэдгийг онцолсон. Мөн 2022 оны улс, нийслэл, дүүрэг, гадаадын зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд тус сургуулийн спорт заалны өргөтгөл барих төсөв батлагдаагүй тул ирэх онд улс, нийслэл болон бусад санхүүгийн эх үүсвэрээр шийдвэрлэх санал хүсэлтийг холбогдох байгууллагад хүргүүлэх нь зүйтэй хэмээн саналаа хэлсэн юм.
Иргэн С.Лхагвадуламын саналыг сонссоны дараа Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө спорт заалны судалгаа, зураг төсөл зэрэг бэлтгэл ажлыг сайтар хангаж, уялдаа холбоотой ажиллах нь чухал болохыг онцлов.
Түүнчлэн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны иргэн Б.Энхбат тус дүүргийн зорилтот бүлгийн хүүхдүүдэд болон амьжиргааны түвшин доогуур айлын хүүхдүүдэд зориулсан эмнэлэг барихаар газрын асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтэйгээ илэрхийлсэн юм.
Дээрх хүсэлтэд Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Т.Тува Баянзүрх дүүргийн 11-р хороо болон 20-р хороо орчимд газар олгох боломжтойг дуулгалаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө иргэдийг шаардлагатай мэдээллээр хангаж, зөвлөн туслаж, газрын асуудлыг шийдэх хэрэгтэйг албаныханд сануулав.