Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны дөрөвдүгээр сарын 6-нд болж, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталлаа.
Монгол Улсын иргэн бүрт эзэмшүүлсэн давуу эрхийн хувьцааны бүртгэлийг баталгаажуулах арга хэмжээ авахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл болон “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д үүрэг болголоо.
Шинэчлэн баталсан дүрмийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилуулах арга хэмжээг энэ оны хоёрдугаар улиралд багтаан зохион байгуулахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржид даалгалаа.
Үндэсний статистикийн хорооны “Хүн амын 2015-2045 оны шинэчилсэн хэтийн тооцоо”-нд Монгол Улсын хүн амын тоо 2045 он гэхэд таван сая хүрэх нарийвчилсан тооцоо гаргажээ.
Иймд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн давуу эрхийн хувьцааны тоо хэмжээг хоёр саяар нэмэгдүүлж, давуу эрхийн хувьцааг таван сая болгон Монгол Улсын иргэн бүрт эзэмшүүлэх, бүртгэлийг баталгаажуулна. Ингэснээр байгалийн баялгийг иргэдэд тэгш хүртээх боломж бүрдэнэ.