logo
Ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна

Ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна

2022/04/08

Нийслэлийн Онцгой байдлын газрын бүрэлдэхүүн хоногийн хугацаанд гал түймрийн найм, ой хээрийн түймрийн нэг дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Үүнээс шар өвс шатсан гурван дуудлага ирснийг Гал түймэр унтраах, аврах ангийн бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн шуурхай унтрааж ажиллалаа. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо Мандал овоогийн 29-р гудамжинд хөрсний шар өвс шатаж байшин руу орж байна гэх дуудлага ирсэн.

Гал түймэр унтраах, аврах 26-р ангиас хоёр автомашинтай найман алба хаагч очиход нэг га газрын хөрсний шар өвс, 6х8 хэмжээтэй байшингийн дээвэр хэсэг, 10 метр хашаа шатаж байсныг 14:00 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтрааж ажиллалаа.

Мөн Сүхбаатар дүүргийн 3-р хороо Ногоон талбайн 2-р гудамжинд хөрсний шар өвс, амбаар шатаж байна гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 13 алба хаагч гурван автомашинтайгаар очиход 6х4 хэмжээтэй байшин, 5х3 хэмжээтэй амбаар шатаж байсныг 14:18 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраалаа.

Нийслэлийн хэмжээнд он гарснаар ой, хээрийн түймрийн хоёр дуудлага бүртгэгдэж, алба хаагчид шуурхай унтрааж ажилласан. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 11-р хороо Зүүн богины аманд шар өвс шатаж байна гэх дуудлага дөрөвдүгээр сарын 6-ны 15:43 цагт ирсэн юм. Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги, Гал түймэр унтраах, аврах зургаан ангийн 63 алба хаагч 13 автомашин, Pajero club 10 иргэн долоон автомашин, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 12 иргэн таван автомашин, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн найман албан хаагч, хоёр автомашин, мөн иргэн хуулийн этгээдийн 100 гаруй хүн зургаан мотоциклтэйгээр түймрийг бүрэн унтраалаа.

Хуурайшилтын улиралд гал түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул иргэд, олон нийт ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг хангаж, анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.  

Эх сурвалж: НОБГ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш