Нийслэлийн хэмжээнд 74 нэр төрлийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг цуцалж, цахим бүртгэл, үйлчилгээг нэвтрүүлсэн. Ингэснээр Авлигатай тэмцэх газраас гаргасан шударга байдлын үнэлгээгээр НЗДТГ 72 хувийн үнэлгээтэй гарсан байна.
Нийслэлийн хэмжээнд нэвтрүүлсэн цахим үйлчилгээний талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар "Нийслэл аливаа үйл хэргийн санаачлагч, анхдагч байж ирсэн. Манай инженерүүдийн санаачилсан e-servise систем e-mongolia болон өргөжөөд явж байна. Одоо “Нэг тархи-нэгдсэн систем”-ийн угсралтыг манай мэдээлэл, технологийн мэргэжилтнүүд хийж байна. Цаашид ч технологийн шинэчлэлд хот манлайлал үзүүлэх ёстой. Технологийн шинэчлэл, өөрчлөлт, дэлхийн хөгжил хаана явж байгааг судлаад, хөгжлийг араас нь биш, урдаас нь барьж явдаг бүтэцтэй болох учиртай. Бодлогын судалгаа, шинжилгээний хүрээлэнг байгуулж байна. Тус хүрээлэнд шинжлэх ухааны судалгаа хийх юм. 10-20 жилийн дараахыг урьдчилан тооцоолж, мэдээлдэг хүрээлэн болно. 10 жилийн өмнөх болоод дараагийн 10 жилийг харж чадахгүйгээр бид хөгжил ярих боломжгүй. 20 жилийн дараа юу болох вэ гэдгийг бид бас урьдчилаад харж байх ёстой. Тэр бүх дүгнэлтийг удирдлагын түвшинд танилцуулдаг байх ёстой. Одоо бол бид хожигдчихоод араас нь гүйгээд байна шүү дээ. Нийгмийн суурь судалгаа ч тэгж явах ёстой. Хүний хөгжил ямар байх вэ, ирээдүйн Улаанбаатар хот ямар байх, дараагийн 10 жилд тулгамдсан асуудал юу байх зэрэг нь Хотын даргын ширээн дээр байж байх ёстой юм. Тэрийг хараад хөгжил, бодлого, шийдэл, хөрөнгө санхүүгийн шийдвэрүүд явах учиртай. Одоо бол бид болохоо байчихаар нь л яах вэ гээд яваад байгаа. Хот болоод төрийн албаны ажил ийм байдлаар явж болохгүй. Үүнд төрийн тусгай албадуудын үүрэг, оролцоо маш чухал байгаа. Мэдээж системийн шинэчлэл, цахимжуулалт яригдана. Энэ нь өөрөө авлига, хүнд суртлаас ангид байх, төрийн үйлчилгээ, албыг чанаржуулах, түргэн шуурхай болгох, цаг хугацааг хэмнэх, шууд болон шууд бусаар алдагдлыг бууруулах олон давуу талыг бий болгоно" гэсэн юм.